У.Отгонбаяр нарын нэр бүхий УИХ-ын гишүүд "Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл санаачилжээ. Азаар Монгол Улсын Засгийн газар хууль санаачлагчдад хандаж, дээрх хуулийн төслийг бүхэлд нь дэмжихгүй хэмээх хариу өгчээ.
Хуулийн төсөлд хаврын хурдан морины уралдааныг "хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр, эсхүл түүний доторх аль нэг өдөр" Засгийн газрын шийдвэрээр жил бүр аймаг, нийслэлд зохион байгуулах,уралдааны морийг 14 ба түүнээс дээш насны хүүхдээр унуулах, уг уралдааныг зохион байгуулах бэлтгэл, аюулгүй байдлыг хянах журмыг Засгийн газар батлахаар тусгасан байжээ.
Гэвч дээрх зохицуулалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Үндсэн хууль, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхтэй холбоотой олон хууль дүрэм шийдвэрийг зөрчиж байна.
Хориглосон хуулийн заалтуудтай танилцана уу
- 182 дугаар конвенц нь 1999 онд батлагдсан «Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн тухай» Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ОУХБ) конвенц юм. Энэ нь 18 нас хүрээгүй бүх хүүхдийг хөдөлмөрийн мөлжлөг, аюултай хөдөлмөрөөс нэн даруй хамгаалах зорилготой бөгөөд Монгол Улс 2001 онд соёрхон баталж нэгдэн орсон.
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенцын 1 дүгээр зүйлд "...18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд..." гэж, мөн конвенцын 6 дугаар зүйлд "Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана" гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж, Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт "...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална" гэж тус тус заасан. Иймд 14 ба түүнээс дээш насны хүүхэд буюу 18 нас хүрээгүй хүүхдийг хаврын хурдан морины уралдаанд оролцуулахыг зөвшөөрсөн агуулгатай зохицуулалт нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах талаар Монгол Улсын хүлээсэн олон улсын үүрэгтэй нийцэхгүй байна;
- Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл түүний эрхийг хамгаалахаар, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” зарчмыг баримтлахаар тус тус заасантай нийцэхгүй байна;
- Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Мөн дээрх тогтоолд Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулж, жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон.
Сэтгэгдэл үлдээх