Илон Маск завсрын сонгуульд Бүгд Найрамдахчуудыг дэмжихэд 446 сая ам.доллар зарцуулснаа “тэнэглэл байсан” гэжээ

Д.Халиунаа
2026-11-19

Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох “Tesla”, “SpaceX” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск АНУ-ын завсрын сонгуульд хувиасаа 446 сая ам.доллар хандивлаж, түүхэн рекорд тогтоосон юм. 

Уг хандивынхаа дийлэнхийг Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийг дэмжихэд зориулсан бөгөөд “Tesla”, “SpaceX” компанийн үйл ажиллагаа төвлөрдөг Техас мужид их хэмжээний хөрөнгө зарцуулжээ. 

Тэрээр лхагва гарагт “Нью-Йорк Таймс” сониноос зохион байгуулсан “DealBook Summit” арга хэмжээнд цахимаар оролцох үеэрээ тус сонгуульд их хэмжээний мөнгө зарцуулсан ч хүссэн үр дүнд нь хүрээгүйд харамсаж байгаа талаараа ярьжээ. Тэрээр “Цаг хугацааг буцаах боломжтой байсан бол бага мөнгө зарцуулах байсан” гэжээ.

АНУ-ын завсрын сонгууль 11 дүгээр сарын 3-нд болж, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болсон юм. Энэ нь Трампын хувьд улс төрийн томоохон ялагдал байсан бөгөөд бүрэн эрхийнхээ үлдсэн хоёр жилд сөрөг хүчин давамгайлсан парламенттай ажиллахаар болсон. Илон Маск мөн арга хэмжээний үеэр өөрийгөө “MAGA хөдөлгөөний дэмжигч биш” гэдгээ мэдэгджээ. “MAGA” нь Трампын улс төрийн хөдөлгөөн болох “Make America Great Again” буюу “Америкийг дахин агуу болгоё” гэх урианы товчлол юм. 

Техас мужийн Сенатын суудлын төлөөх өрсөлдөөнд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жеймс Таларико Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Кен Пакстоныг ялсан байдаг. 

BBC-ийн дүн шинжилгээгээр Илон Пакстоны сонгуулийн кампанит ажлыг дэмжихэд ойролцоогоор 45 сая ам.доллар зарцуулсан гэнэ. 

Илон Маск 839 тэрбум ам.долларын хөрөнгөөр Forbes-ийн дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байна. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe