Цөмийн шинжлэх ухаан, технологийг зөвхөн эрчим хүч үйлдвэрлэхэд бус, үйлдвэрийн бохир ус цэвэрлэх, газар тариалангийн хортон шавжтай тэмцэх, мөсөн голын хайлалтыг судлах, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг байгаль орчны олон асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж байна.
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) цөмийн болон цацрагийн технологийг байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хөгжүүлж байна. Тус байгууллагын мэдээлэлд цөмийн технологийн байгаль орчинд үзүүлж буй дараах зургаан хэрэглээг онцолжээ.
Үйлдвэрийн бохир усыг электрон цацрагаар цэвэрлэж байна
Бразил улсад электрон цацрагийн (E-Beam) технологийг ашиглан үйлдвэрийн бохир ус цэвэрлэх зөөврийн байгууламж нэвтрүүлжээ. Энэхүү технологи нь өндөр энергитэй электрон цацраг ашиглан усанд агуулагдах нарийн төвөгтэй органик бохирдуулагч бодисыг задлах зарчмаар ажилладаг. Тухайлбал, нэхмэлийн үйлдвэрийн будагч бодисоор бохирдсон усыг электрон цацрагаар боловсруулснаар өнгө, бохирдлын хэмжээг бууруулах боломжтой. Энэ нь химийн бодисын хэрэглээг багасгаж, үйлдвэрийн бохир усыг цэвэрлэх шинэ боломж нээж байна.
Далай тэнгисийн нүүрстөрөгчийн хуримтлалыг хэмжиж байна
ОУАЭА-ийн Далайн орчны лабораториуд мангр ой, далайн өвс, давсархаг намаг зэрэг эргийн экосистемд хуримтлагдсан нүүрстөрөгчийг судалж байна. Эдгээрийг хөх нүүрстөрөгчийн экосистем гэж нэрлэдэг бөгөөд агаар мандлын нүүрстөрөгчийг шингээж, хуримтлуулах чухал үүрэгтэй. Цөмийн болон изотопын аргаар нүүрстөрөгчийн хуримтлалын хэмжээ, хурдыг тодорхойлсноор уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлого боловсруулахад шинжлэх ухааны үндэслэл бий болдог.
Хортон шавжийг үргүйжүүлж, ургацыг хамгаалж байна
Бразил, Чили, Мексик зэрэг оронд цацрагийн технологи ашиглан хортон шавжийн үржлийг хянах арга хэрэглэж байна.Шавжийг үргүйжүүлэх технологи (SIT) нь эрэгчин шавжийг цацрагаар үргүйжүүлсний дараа байгальд суллах зарчимтай. Үргүйжүүлсэн шавж зэрлэг эмэгчин шавжтай нийлсэн ч үр төл үүсэхгүй учраас хортон шавжийн тоо толгой аажмаар буурдаг. Энэхүү арга нь химийн шавж устгах бодисын хэрэглээг багасгах, газар тариалангийн ургацыг хамгаалах, хүнсний бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Мөсөн голын хайлалт, усны нөөцийг цөмийн аргаар судалж байна
Боливи улсад мөсөн голын хайлалт болон өндөрлөг бүс нутгийн усны нөөцийн өөрчлөлтийг судлахад цөмийн технологи ашиглаж байна. Тухайлбал, сансрын цацрагийн нейтрон мэдрэгч болон изотопын гидрологийн аргаар хөрсний чийг, усны хөдөлгөөн, нөөцийн өөрчлөлтийг хэмждэг. Ингэснээр мөсөн голын хайлалт усан хангамжид хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх, усны нөөцийн менежментийн шийдвэр гаргахад тусалж байна.
Цөмийн нэгдлийн эрчим хүчийг хөгжүүлж байна
Дэлхийн улс орнууд нүүрстөрөгчийн ялгаралт багатай эрчим хүчний шинэ эх үүсвэр хайж буй энэ үед цөмийн нэгдлийн эрчим хүчний судалгаа эрчимжиж байна. Франц улсад хэрэгжиж буй ITER төсөл нь цөмийн нэгдлийн урвалыг судлах дэлхийн томоохон туршилтын байгууламж юм. Цөмийн нэгдлийн технологийг арилжааны түвшинд ашиглах боломж бүрдвэл ирээдүйд их хэмжээний эрчим хүчийг бага нүүрстөрөгчийн ялгаралттай үйлдвэрлэх боломжтой гэж судлаачид үзэж байна. Гэхдээ энэ технологи одоогоор судалгаа, туршилтын шатанд байгаа бөгөөд арилжааны эрчим хүчний өргөн хэрэглээнд нэвтрээгүй байна.
Жижиг модуль реакторуудыг эрчим хүчний шинэ шийдэл гэж үзэж байна
ОУАЭА нь жижиг модуль реакторуудыг (SMR) бага хүчин чадалтай эрчим хүчний сүлжээ, эрчим хүчний өндөр хэрэглээтэй үйлдвэр, дата төв болон зарим төрлийн усан онгоцны эрчим хүчний хэрэгцээг хангах боломжтой технологи гэж үзэж байна. Эдгээр реактор нь уламжлалт том хүчин чадлын атомын цахилгаан станцаас бага хэмжээтэй бөгөөд модульчлагдсан загвараар үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ өртөг, аюулгүй байдал, цацраг идэвхт хаягдлын менежмент болон зохицуулалтын шаардлагыг шийдвэрлэх нь чухал хэвээр байна.
Ийнхүү цөмийн шинжлэх ухаан нь эрчим хүч үйлдвэрлэхээс гадна усны бохирдлыг бууруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хамгаалах, байгалийн нөөцийг судлах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд ашиглагдаж байна.
Сэтгэгдэл үлдээх