А.Ганхуяг: Хятад автобуснаас “зугтааж” ногоон автобусны гэрээг хийсэн юм

.Graph
2026-11-23

Хотын захиргаа 2023 онд улсын төсвийн хөрөнгөөр нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхээр 800 автобусны гэрээ хийж, 100 автобус худалдаж авснаар өнөөгийн “ногоон автобусны” гэх тодотголтой хэргийн эхлэл тавигдсан. Өнөөдөр эл эрүүгийн хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэж, шүүгдэгчдийг гэм буруутайд тооцон ял оногдууллаа. Анх энэ хэрэгт Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт, гүйцэтгэгчийг сонгох ажлын хэсгийн гишүүд Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, С.Бямбасүрэн, А.Чойжилсүрэн, автобус хүлээлцэхэд захиалагчийн хяналтын хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг гишүүд Б.Мөнхболд, Б.Алтаншагай, О.Лувсандагва, О.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбадрах, Ц.Хадбаатар, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Б.Баярмаа нар болон “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim Kea Baum/,  “Эм Эс И Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болортуяа нарын 24 хүн нэр холбогдсон. Эдгээрээс зарим нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул цагаадсан. 

Харин өнөөдөр Шүүгдэгч "А.Ганхуяг, Ч.Мөнхбаяр, К.Киэбаум, Л.Жонсоб, Ж.Эрдэнэбат нар шүүхийн өмнө тунаж үлджээ

Шүүгдэгч А.Ганхуяг “Шүүхийн шийдвэрийг хүндэлж байна. Прокурорын дүгнэлтийг л гайхаад барахгүй юм. 25 тэрбум төгрөгийн төлбөр төлөгдөөгүй гээд л яриад байх юм. Сая шүүгч “Анхнаасаа л энэ төлбөр төлөгдсөн гэлээ шүү дээ” гэж хэллээ.  Шүүхийн хэлэлцүүлэг олон нийтэд нээлттэй явж байхад дахиал л төлбөр төлөгдөөгүй гээд прокурор саваад байх юм. Нөгөө л үл ойлгогдох, шинэ биш будагтай хуучин автобус байсан гээд байх юм. Таны яриад байгаа төлбөр анхан, давах, дээд шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад төлөгдөөд дууссан. Тиймээс ямар ч төлбөр тооцоо байхгүй. Сошиалд яах гээд үүнийг хөндөж тавиад байгааг чинь ойлгохгүй байна, эрхэм прокурорууд аа. Миний хувьд хятад автобуснаас зугтаагаад уг нь гуравдагч Солонгос улсын автобус оруулж ирнэ гэж бодож баярлаж, тэр үйлдвэрлэгчтэй очиж уулзаж, гэрээгээ хийж, энэ хүмүүст очиж хууртагдаж, бүх юмыг нь хийлгээд оруулаад ирсэн автобус нь ямар байсныг Монголын ард түмэн мэднэ.

Сошиалаар замасктай байна, будаг муу юм гэсэн. Тэр нь үйлдвэрлэлийн алдаа. Замаск будагийн сэв нь  долоон автобусан дээр л гарсан. Бүгд л хуучин угсарсан автобус, ийм тийм муухай гэж сошиалаар шуугьж, миний нэр хүнд бүх зүйл байхгүй болсон. Гэтэл одоо энд нэг ч сэтгүүлч алга. Прокурор энд өнөөдөр энд орж ирээд нэг ч төлбөр төлөөгүй, хуучин байсан зэргээр дахиж ийм хагаралдуулсан ийм юм ярих хэрэг байсан юм уу гэдэг дээр эргэлзэж байна, эрхэм прокурор оо.

Миний хувьд үнэндээ энэ  “Daewoo” компани, Солонгосын том группийн төлөөлөл К.Киэбаум, Л.Жонсоб нарт итгэсэндээ, үйлдвэрлэсэн зарим автобусанд будаг замаскны сэв гарснаас үүдэн эцсийн дүндээ ийм байдалд хүрсэндээ харамсаж байна. Би гадаад руу ямар нэг шувуу болж нисээгүй, харин ч гадаадаас бүргэд болж, эх орондоо ирж, энэ хэдэн Солонгосыг Монголдоо авчирч, бөхийлгөж, уучлалт гуйлгасан. Одоо харин өмгөөлөгч нарын минь хүсэлтийг хангаж, 90 гарсан ээжтэй минь уулзуулж өгөөч гэж шүүгч нараасаа хүсье” хэмээлээ. 

БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim KeaBaum/ нар нь Евро-2 дизель хөдөлгүүртэй автобуснуудыг Евро-5 дизель хөдөлгүүртэй мэт харагдуулах зорилгоор гадаад улсын нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрт “Ad blue” төхөөрөмжид ашигладаг банкийг суурилуулан мөн Евро-5 гэсэн наалт нааж хуурч, төөрөгдүүлэх нөхцөл байдлыг бий болгон зарим автобуснуудыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсний үндсэн дээр төрөөс санхүүжилт авсан үйлдлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулах гэмт хэргийн арга нь байсан гэдэг. Ли Жон Соб /Lee JungSeob/, Ким Кэа Баум /Kim KeaBaum/ нар нар хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү хэмээх хүсэлтийг шүүхэд гаргасан юм. 

Улсын дээд шүүхээс тус хэрэгт холбогдох өмнөх шатны шүүхүүдийн цагаатгах шийдвэрүүдийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосны дагуу хэргийг ийнхүү анхан шатны шүүхээр дахин хэлэлцэн шийдвэрлэж байна. 

Прокурорын байгууллагаас 2023 оны автобус худалдан авах ажиллагаанд гүйцэтгэгчээр шалгарсан “Тэнүүн-Огоо” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл нийлүүлсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Тодорхой хэлбэл, “Евро-2” стандартын хуучин дизель хөдөлгүүртэй автобуснуудыг “Евро-5” стандартын шаардлага хангасан мэт харагдуулах зорилгоор гадаад улсын үйлдвэрт “Евро-5” стандартын AdBlue сав суурилуулж, хуурамч тэмдэглэгээ, наалт хийсэн байна. Улмаар автобусны бодит техникийн үзүүлэлтийг нуун дарагдуулж, худал мэдээлэл ашиглан улсын хилээр нэвтрүүлсний дараа улсын төсвөөс санхүүжилт авч залилсан гэж буруутгажээ.

Өмнөх шатны шүүхүүд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийг залилах гэмт хэргийн арга хэрэгсэл төдий гэж үзэн хэрэгсэхгүй болгосон, мөн ажлын хэсгийн гишүүнийг өөр хэлтэст ажилладаг гэх үндэслэлээр цагаатгасан нь эрүүгийн эрх зүйн суурь онол, шүүхийн практикт нийцэхгүй гэж Улсын дээд шүүх дүгнэн, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан юм.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 (Залилах) болон 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцон дараах шийдвэрийг гаргалаа.

  • Шүүгдэгч А.Ганхуяг Залилах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, 40,000 нэгж буюу 40,000,000 төгрөгөөр торгох ял оноов. Цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжээр тооцон хасаж, эцсийн торгуулийг 39,985,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
  • Шүүгдэгч Ким Кэабаум (БНСУ-ын иргэн): Залилах гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, 35,000 нэгж буюу 35,000,000 төгрөгөөр торгох ял оноов. Цагдан хоригдсон 14 хоногийг хасаж тооцсоноор 34,790,000 төгрөгийн торгууль төлнө. 
  • Шүүгдэгч Ли Жонгсуб (БНСУ-ын иргэн): Залилах гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож, 30,000 нэгж буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял оноов. Цагдан хоригдсон 13 хоногийг хасаж тооцсоноор 29,805,000 төгрөгийн торгууль төлнө.
  • Шүүгдэгч Ж.Эрдэнэбат Залилах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
  • Шүүгдэгч Ч.Мөнхбаяр Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe