Хууль зүй, дотоод хэргийн яамнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит “Нээлттэй яам” мэдээллийн цагаараа авлигын эсрэг тэмцэх бодлого, орон сууцны залилангаас урьдчилан сэргийлэх болон хохирогчдод авах арга хэмжээ, иргэнээ хамгаалах бодлогын баримт бичгүүдээ танилцууллаа.
Мэдээллийн эхэнд Хууль зүй дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нэн тэргүүнд Иргэн төвтэй бодлого хэрэгжүүлж эхэлснээ онцоллоо. Энэ зорилтын хүрээнд албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг хязгаарласан хуулийн 10 төслийг санаачилсан байна. Эдгээрээс долоо нь иргэний эрхийг баталгаажуулах, иргэнээ хамгаалахтай холбоотой төсөл аж. Хуулийн долоон төслийг боловсруулж дуусан бөгөөд эхнээс нь УИХ-д өргөн барьжээ.
- Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж дууссан, өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлнэ. Хуулийн төсөл баталснаар орон сууцны залиланд өртөгсөд болон дахин төлөвлөлтийн хүрээнд газраа өгсөн иргэдийн эрхийг хамгаалах эрхзүйн орчин бүрдэнэ.
- Нотариатын тухай хуулийн төслийг боловсруулж дууссан. Хуулийн төсөлд иргэн алсын зайнаас буюу цахимаар үйлчилгээ авах заалт оруулсан байна
- Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж дуусжээ.
- Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг мөн хэлэлцүүлэхэд бэлэн болсон байна.
- Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ.
- Арилжааны тухай хуулийн төслийг боловсруулж байна.
- Иргэний процессын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Улмаар Улсын дээд шүүхтэй хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Эл хуульд сүүлийн 20 жил “гар хүрээгүй” хүлээлт үүсгэсэн төсөл юм байна.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас
8.Хууль бус хөрөнгө хураах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна.
9. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар гүтгэх, доромжлохтой холбоотой заалтад санал авч байна.
10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Сайд Г.Тэмүүлэн “Нийгмийн хамгийн том хорт хавдар, хөгжлийн саад тушаа бол авлига болоод байна. Тиймээс авлигаас урьдчилан сэргийлэх бодлогоо боловсронгуй болгох нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна. Хэрэг илрүүлэх төдий биш хариуцлагыг дээшлүүлж ажиллана. Хүний оролцоог багасгаж, авлига хээл хахуулийн хэргийг бүх шатанд нь ил тод болгож цахимжуулна. Энэ бол олон улсад үр дүнгээ өгсөн шалгарсан арга” гэлээ. Хууль зүй дотоод хэргийн яамнаас Авлигатай тэмцэх бодлогын хүрээнд дараах хуулийн төслүүдийг боловсруулж ажиллажээ.
- Төрийн нууцын тухай хуулийн төслийг боловсруулж байна. Хуулийн төсөл батлагдвал албаны гэх нууц гэрээнүүд ил болно. Төрийн нууц нэрийдлээр тамга дарж, далд хийдгийг болиулна. Зайлшгүй шаардлагатай бол асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж шийднэ.
- Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг боловсруулсан.
- Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг цахимжуулах хуулийн төсөл боловсруулна. Энэ бол авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга юм. Ингэснээр АТГ, ЦЕГ, тагнуул зэрэг 8-9 байгууллагын шалгаж буй хэргийг бүгдийг нь цахимд нээлтэй байршуулна. Прокурор шүүхийн шатанд ч хэргүүд дарагдахгүй ил тод цахимд байршуулна. Үүний тулд хуулийн байгууллагуудын цахим санг нэгтгэж эхэлжээ. Товчхондоо, авлигын хэргийн мөрдөх, хянах, шүүх явцыг цахимд ил тод байршуулна. Нөгөө талаар хууль сахиулах байгууллагынхан хараат бусаар ажиллах боломжийг бүрдүүлэх аж.
- Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг маргааш УИХ-д танилцуулахаар болжээ. ШШГЕГ-аас өөр газар байгуулж, хууль бус хөрөнгийг хураах хувилбар төсөлд тусгажээ. Хураасан хөрөнгийг мөн нийгмийн сайн сайханд зарцуулах асуудал ч яригдаж байгаа аж.
- Татвар тайлагнах, буцаан олголттой холбоотой авлигаас урьдчилан сэргийлэх хуулийн төсөл боловсруулах шаардлагатай. Тиймээс тусгай амнатын асуудлаар холбогдох талуудтай уулзалт хийхээр өдөр хоногоо ч тогтжээ.
Авлигын асуудлыг том зургаар нь харж, шийдэхэд татварын асуудал чухал гэдгийг мөн онцолсон. Тиймээс татвараа зөв тайлагнах, урамшууллаа мөн шударгаар авдаг тогтолцоог бэхжүүлэх нь чухал аж. Авлигатай тэмцэх бодлогоо салбарын сайд ийн танилцуулсан юм.
Төгсгөлд нь салбарын яамнаас барилга, орон сууцны залилан, дахин төлөвлөлттэй холбоотой хохирогчдын эрхийг хэрхэн хамгаалах талаараа танилцуулав.
- Орон сууц байрны залилан гаарсан. Тухайлбал, орон сууцны 1 тоотод багадаа 5, улмаар 10, 20 захиалга авч иргэдийг хохироосоор байгаа аж. Үүнд Засгийн газар анхаарч эхэлсэн байна. Нөгөө талдаа иргэд мэдээлэл дутмаг, өөрсдөө бүрэн нягталж шалгахгүйгээсээ болж хохирох тохиолдол цөөнгүй аж. Залилан хийсэн аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээллийн цахимжуулахаар Засгийн газар ажиллаж байгаа гэнэ. Энэ ажилд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамныхан удаашралтай хандаж байгааг Г.Тэмүүлэн сайд онцолсон. Барилгын мэдээллийн нэгдсэн сайтын арванхоёрдугаар сарын дундуур нийтэд ил болгох юм байна. Эхлүүлсэн, дуусгасан дуусгаагүй гээд бүх барилгын мэдээлэл эл сайтад орох аж.
- Дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа өгсөн асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Хоёр болон гурван талт гэрээ хийсэн иргэдийн асуудлыг нягталж, шалтгааныг тогтоожээ. ААНБ-ууд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, барилга эхлүүлэх зөвшөөрөл авсан ч эдийн засгийн нөөц боломжоо дутуу тооцоолж, санхүүгийн алдагдалд орж улмаар барилгаа гүйцээхгүй иргэдийг хохироосон тохиолдол цөөнгүй гарчээ. Тиймээс эл асуудлыг чиг үүргийнхээ дагуу хот болон Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам хариуцахаар болжээ. Өөрөөр хэлбэл, иргэдийг шат дараатай байранд оруулна. Эхний ээлжинд 100 000 айлын орон сууц төсөлд хамруулах Засгийн газрын тогтоол гарчээ.
- Нийслэлээс барилга эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, зураг төслөө ч батлуулаагүй барилгын компаниуд олон байна. Тэд шүүх дээр маргааш үүсгэдэг нь иргэдийг хохироож байна. Үүний хамгийн тод жишээ нь Aqua Garden буюу “Авлига хороолол”-ын хотхон юм. Өдгөө зөвшөөрөл гараагүй бол хууль тогтоомжийн хүрээнд зөвшөөрлийг нөхөж олгох ажлыг эхлүүлжээ. Улмаар хохирлыг нь шат дараатай барагдуулна. Тиймээс шаардлага хангасан хүсэлтүүдийг авч эхэлсэн байна. Харин шаардлага хангаагүй, зөвшөөрөл өгөх боломжгүй бол хуулийн төсөл боловсруулна хэмээх мэдээллийг өгсөн юм.
Сэтгэгдэл үлдээх