Иргэн Д.Уранцэцэг “Явган хүний зам дээр авто машинаа байршуулсан жолоочийн эрхийг нэг жилээр хасах” өргөдлийг санаачилжээ. Өргөдлийг parliament.mn сайтын цахим хуудсанд арваннэгдүгээр сарын 21-нд байршуулж, арванхоёрдугаар сарын 21 хүртэл санал авахаар болжээ. Өнөөдрийн байдлаар 2053 хүн өргөдлийг дэмжиж цахимаар гарын үсгээ зураад байна. Цахим гарын үсэг 100 000 болсон тохиолдолд “Явган хүний зам дээр авто машинаа байршуулсан жолоочийн эрхийг нэг жилээр хасах” хуулийн төсөл боловсруулах нөхцөл бүрдэнэ.
Төслийг санаачлагч Д.Уранцэцэг гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгтээ ирж, очдог явган хүний зам дээр жолооч нар автомашинаа тавьчихдаг. Үүнээс болж хүүхдүүд нь өдөр бүр машин замаар зорчиж, амь нас эрүүл мэнд нь эрсдэл дунд явдаг. Явган хүний зам дээр автомашинаа тавьсан иргэдэд шаардлага тавихаар хэрүүл, тэмцэл болдог учир ийн цахим өргөдөл санаачилжээ.
Өргөдөлдөө тэрбээр “Бидний үр хүүхэд, ээж аав, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэг түрсэн иргэд явган хүний замаар явахад аюулгүй байдал ерөөсөө хангагдахгүй байна. Одоогийн хуулиар 20 000 төгрөгийн торгууль төлөөд энэ хүмүүс хэдэн өдрөөр нь явган хүний зам дээр машинаа хаячихаад алга болж байна. Хохирч байгаа хүмүүс нь дандаа хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Тиймээс эдгээр хариуцлагагүй, амин хувиа хичээсэн хүмүүс машин замаараа явж чадахгүй бол 1 жил явган явуулж өөрсдөд нь сургамж болгох хэрэгтэй” хэмээн бичжээ.
Иргэний гаргасан өргөдлийг дэмжиж байгаа бол энд дарж саналаа өгнө үү.
Сэтгэгдэл үлдээх