Прокурорын байгууллага 2026 оны арваннэгдүгээр сарын 13-16-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 42,893 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан байна. Дээрх хугацаанд 1,235 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 762 хэрэг шинээр нээж, 362 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 145, Өмчлөх эрхийн эсрэг 102, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 66, Авлигын эсрэг 11, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 8, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Соёлын өвтэй холбоотой онцлох хэргүүдийг тоймлон танилцуулъя
- С.Э нь 2016 оны аравдугаар сард өөрийн найзаас 70 сая төгрөгийн барьцаанд авсан гэх түүх, соёлын дурсгалт зүйл, археологийн олдворыг 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Соёлын өвийн нэгдсэн санд бүртгүүлж, төрийн өмчлөлд шилжүүлэлгүйгээр хууль бусаар эзэмшиж, соёлын биет өвийг завшсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
- Б.О нь бусадтай бүлэглэн 2026 оны тавдугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн хяналтын бүсээр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох нийт 74 ширхэг судрыг тээврийн хэрэгсэлдээ нууж, Улсын хилээр нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл үлдээх