Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн хохирлыг хэмжээг тогтоосон Ажлын хэсгийн дүгнэлтийн танилцуулжээ.
Мэргэжлийн багууд үнэлгээ хийж, урьдчилсан байдлаар Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн хохирлыг 3.3 их наяд төгрөг гэж тогтоожээ. Улмаар хууль хяналтын байгууллагынханд шилжүүлж байгаа аж.
Уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж, буруутай этгээдийг тогтоож хохирлыг нөхөн төлүүлэх юм. Шалгалтын явцад мэргэжлийн шинжээч дахин ажиллах бөгөөд хохирлын хэмжээ өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй гэдгийг Ц.Сандаг-Очир сайд мэдээлэв.
Түймэр нийт 484.383,7 га талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 431.592,8 га буюу тусгай хамгаалалттай нийт нутаг дэвсгэрийн 73,4 хувь, орчны бүсийн 52.790,9 га талбай өртсөн байна.
Түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоохоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар шинжээчдийн баг байгуулж, орон нутгийн ажлын хэсэг болон холбогдох байгууллагын 50 орчим албан хаагч 2026 оны аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд хээрийн судалгаа, үнэлгээ хийжээ.
Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр түймэр Задгайт, Хоньт, Азарга уул, Соёлз уул, Ханчандмань, Хөтөл нуур, Нөмрөг гол, Дэгээ голын сав газрын экосистемийг хамарч, ой, ойт хээр, хээр, нуга болон голын татмын экосистемд сөргөөр нөлөөлсөн байна.
Түймэрт нийт 14.690 га ойн талбай өртсөн бөгөөд шаталтын зэрэглэлийн хувьд:
- Бага шаталттай-140.862,7 га буюу 29,1 хувь;
- Дунд шаталттай-261.991,8 га буюу 54,1 хувь;
- Их шаталттай-81.113,4 га буюу 16,7 хувь;
- Маш их шаталттай-415,8 га буюу 0,1 хувь байна.
Бага болон дунд зэрэглэлээр шатсан талбайд байгалийн нөхөн сэргэх боломж харьцангуй өндөр байгаа бол их болон маш их зэрэглэлээр шатсан хэсэгт ургамлан бүрхэвч бараг бүрэн устаж, хөрсний өнгөн үе ил гарсан нь элэгдэл, доройтлын эрсдэлийг нэмэгдүүлжээ.
Мөн хөрсний органик үе шатсанаар чийгийн горим өөрчлөгдөх, нүүрстөрөгчийн агууламж буурах, салхи болон усны элэгдэл эрчимжих эрсдэл үүссэн байна.
Усны чанарын үзүүлэлтүүд ерөнхийдөө хэвийн түвшинд хадгалагдсан боловч зарим цэгт жинлэгдэгч бодисын хэмжээ өмнөх хэмжилттэй харьцуулахад 4-7,8 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
Амьтны аймгийн хувьд том хөхтөн амьтдын баталгаажсан хорогдол тогтоогдоогүй ч тэдгээрийн амьдрах орчин, идэш тэжээлийн нөөцөд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан байна.
Холбогдох аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр байгаль орчинд учирсан хохирол 1,2 их наяд төгрөгөөр тооцогдсон.
Улмаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэн тооцох хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлснээр Нөмрөгийн дархан цаазат газрын хэмжээнд нийт хохирол 3.35 их наяд төгрөг болжээ.
ТҮЙМЭР УНТРААХАД 367.6 САЯ ТӨГРӨГИЙН ШУУД ЗАРДАЛ ГАРСАН
Түймрийг унтраах, хээрийн судалгаа хийх болон холбогдох ажиллагаанд орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц сан, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хилийн цэргийн 0198 дугаар анги, аймгийн Онцгой байдлын газраас санхүүжилт гаргасан байна.
Түймэртэй тэмцэх болон холбогдох ажиллагаанд гарсан шууд зардал 346,6 сая төгрөгөөр тооцогдсон бол хохирлын актад тусгагдсан шууд зардлын нийт дүн 367,6 сая төгрөг байна.
Халхгол сумын Засаг даргын баталсан ой, хээрийн түймрээс учирсан хохирлын актаар нийт 3.354.723.433.200 төгрөгийн хохирол учирсныг тогтоож, үүнээс шууд зардал болох 367.665.520 төгрөгийг 2026 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирлын акт болон холбогдох баримт материалыг 2026 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр эрх бүхий хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн бөгөөд асуудал одоогоор хяналт шалгалтын шатанд байна.
НӨХӨН СЭРГЭЭЛТЭД 83.97 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ШААРДЛАГАТАЙ
Түймрийн улмаас байгалийн экосистемийн бүтэц, үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт гарсан тул байгалийн нөхөн сэргэх үйл явцыг дэмжих, эмзэг болон өндөр эрсдэлтэй бүсүүдэд хамгаалалт, хяналт-шинжилгээний арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай гэж шинжээчдийн баг дүгнэжээ.
Үүний хүрээнд экосистемийн нөхөн сэргээлт, байгалийн нөөцийн хамгаалал, урт хугацааны мониторингийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд урьдчилсан байдлаар 83.97 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцоолсон байна.
Нөмрөгийн дархан цаазат газар нь ой, хээр, усны экосистем болон биологийн олон янз байдлын хувьд онцгой ач холбогдолтой бүс нутаг юм.
Иймд түймэрт өртсөн талбайн байгалийн нөхөн сэргэх боломжийг хадгалах, ойн экосистемийг хамгаалах, хөрс, усны доройтлоос сэргийлэх, амьтдын амьдрах орчныг сэргээх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үе шаттай зохион байгуулах шаардлагатай байна.
Сэтгэгдэл үлдээх