Гангийн үйлдвэр барьж, 1800 ажлын байр бий болгоно гэжээ

.Graph
2026-11-27

Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт байгуулах ган үйлдвэрлэлийн цогцолборын урьдчилсан ТЭЗҮ-ээр нийт 806 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Ирээдүйд үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажилласнаар жилд 645 сая ам.долларын борлуулалт хийх, 101.5 сая ам.долларын цэвэр ашиг олох, улсын төсөвт жил бүр 63.4 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, 1650 ажлын байртай болох боломж бүрдэнэ. Улмаар дотоодын нийт бүтээгдэхүүнийг 4.9 хувиар нэмэгдүүлэх, импортыг 4.8 хувиар бууруулж, экспортыг 2.3 хувиар нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг 350–400 сая ам.доллароор сайжруулах боломжтой гэж тооцоолжээ. Тэгвэл Монгол Улсад ган үйлдвэрлэлийн цогцолборыг хэн хэзээ байгуулах вэ. Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулсан байна.

Төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй урилгыг 30 гаруй компанид хүргүүлсэн байна. Ингээд БНХАУ-ын “Beijing Jianlong Heavy Industry Group” 81.13 оноо авснаар стратегийн хөрөнгө оруулагчаар шалгарч, тус компанитай хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн аж.

“Beijing Jianlong Heavy Industry Group” нь төслийн хувьцааны 80-аас доошгүй хувьд мөнгөн хөрөнгө оруулж, үйлдвэрийн барилга угсралт, ашиглалтыг хариуцан, дөрвөн жилийн хугацаанд барьж байгуулах санал ирүүлжээ. Мөн 1800 ажлын байр бий болгож, нийт ажилтны 70 хувийг монгол иргэд бүрдүүлэх, цаашид 499 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн хүчин чадлыг нэг сая тонноор нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн байна. Үйлдвэрийг 2027–2029 онд барьж байгуулан, 2029 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын ган бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ 2025 онд 1.07 сая тоннд хүрсэн бол 2030 он гэхэд 1.7 сая тонн болох төлөвтэй байна. Ган бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэснээр нэг тонн арматурын үнэ 700 ам.доллароос 550–600 ам.доллар болж, 20 орчим хувиар буурах боломжтой. Энэ нь барилгын салбарын өртгийг бууруулах, импортын хараат байдлыг багасгах, эрдэс баялгийн түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх стратегийн ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe