Гадаад харилцааны яам болон Цагдаагийн ерөнхий газар хамтран өнөөдөр мэдээлэл хийв. ГХЯ-ны Консулын газрын захирлын албын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Биндэръяа “ОХУ-д цалин өндөртэй ажилд зуучилна хэмээн хууран мэхэлж, цэргийн үйл ажиллагаанд татан оруулсан, хохирогч болсон гэх найман иргэнийг Консулын газар олж, энэ сарын 18, 21-нд илрүүлэн нутаг буцаасан. Өнөөдрийн байдлаар нэг иргэнээ ОХУ-аас нутаг буцаах ажлыг зохион байгуулж байна. Үүнээс гадна зургаан иргэн бий. Иргэддээ ямар нэгэн хохирол учруулалгүй нутагт нь авчрах ажлыг зохион байгуулж байна. Монгол Улсаас ОХУ-д суугаа Москва дахь ЭСЯ-наас холбогдох газруудад хүсэлт тавьсан. Зургаан иргэн гэж байгаа ч тоо нь нэмэгдэх магадлалтай. Иймд ар гэрийн гишүүн нь иймэрхүү байдлаар ОХУ явсан бол албан ёсоор бүртгүүлнэ үү” хэмээсэн юм.
Мөн зуучилж буй хүмүүсийн мэдээлэлд итгэхгүй байх, санал болгосон баримт бичгийг сайтар нягтлах, монгол хэл дээр ямар нэг баримт бичиг үзүүлээгүй бол түүнд итгэж гарын үсэг зурахгүй байх, өөрийнхөө амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.
Ийм зар мэдээнд итгэж явсан иргэд Улаанбаатар-Алтанбулаг-Хиагт-Чит гэсэн үндсэн маршрутаар ОХУ руу явж байгаа аж. Учир нь Чит хотод бэлтгэл цэргийн бааз байдаг гэнэ. Иргэдийг эхний ээлжид тэнд бэлтгээд цааш нь явуулдаг гэсэн мэдээлэл ГХЯ-нд иржээ. Чит нь Улаан-Үдэ дэх Ерөнхий консулын газрын тойрог юм байна. Мөн манай улсын нэг иргэн Украины талд олзлогдсон гэсэн мэдээлэл байна. Мөн нэг иргэн нас барсан байна. Нас барсан иргэний ар гэрийнхэнтэй уулзаж, ОХУ-ын талд санал тавьснаар ар гэрт нь нөхөн олговор олгуулжээ. Учир нь, хохирогч тусгай ажиллагаанд оролцож байхдаа амиа алдсан аж. Товчхондоо зургаан иргэн одоогийн байдлаар ОХУ-д байгаа. Нэг иргэн нас барсан, нэг иргэн олзлогдсон, найман иргэнээ нутагт нь авчирч чадсан байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг “Энэ оны есдүгээр сараас эхлэн Оросын Холбооны Улс(ОХУ)-ын зэвсэгт хүчинд нэгдээрэй, 61-108 сая төгрөгийн цалинтай гэсэн зар Монголын цахим орчинд нийтлэгдэж байна. Энэ төрлийн зарыг иргэд сонирхож эхэлсний дараа Телеграмм, WhatsApp зэрэг аппликэйшнээр холбогдон ОХУ-д ирвэл өндөр хэмжээний цалин хангамж олгоно гэх зохиомол нөхцөл байдлыг бий болгодог нь илэрсэн. Цагдаагийн байгууллагаас ийм төрлийн цахим хаяг есийг илрүүлж, холбогдох газарт хүсэлт гарган устгуулсан. Цаашид илрэх хаягуудыг тухай бүр устгуулан ажиллах болно. Иргэд гадаад улсад өндөр цалинтай ажилд зуучилна гэсэн мэдээлэлд нухацтай хандаж, учирч болох эрсдэлээс сэргийлнэ үү” гэх мэдээллийг өгсөн юм.
Сэтгэгдэл үлдээх