Намууд нэр дэвшигчдээ тодруулан чи дэвшинэ, би дэвшинэ гэлцэж байна. Бид ийнхүү сонгуульдаж байх хойгуур хоёр их хөрш “Сибирийн хүч 2” хийн хоолойг Монгол Улсын газар нутгийг дайруулан барих уу, Орос-Хятадын хилийн заагт барих уу, Казахстанаар дайруулах уу гэдгээ ид ярилцан, мэтгэлцэж байна.
Путин анхны айлчлалаа БНХАУ-д хийж, хийн хоолойг ярилаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2024 оны тавдугаар сарын 16-17-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ нь түүний ерөнхийлөгчийн тав дахь бүрэн эрхийн хугацаагаа эхэлснээс хойших гадаадад хийсэн анхны айлчлал юм.
Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан хоёр орон шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл нийтэлжээ. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асар олон санаачилгад “Түмэн голын төсөл”, “Арктикийн худалдааны хэлэлцээр” зэрэг хоёр орны эдийн засгийг нягтаршуулах олон чухал төсөл дурдагдсан дотор “Сибирийн хүч 2” төсөл ч мөн дурдагджээ.
Хэдийгээр ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак энэ төсөлд талууд харилцан ойрын хугацаанд гарын үсэг зурна гэж найдаж байна хэмээн илэрхийлсэн боловч Хятадын талаас тус төсөлд гарын үсэг зурахад олон судалгаа шаардлагатай, хэр их хэмжээний төсөв гарахыг тооцоолохоос эхлээд шийдэх ёстой олон асуудал байгаа хэмээн мэдэгджээ.
ОХУ-ын талаас энэ онд багтан төслийг эхлүүлнэ гэв
Орос-Украйны дайны талбарт өдөр бүр маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарлагадаж байгаа Оросын хувьд хамгийн хурдан замаар, найдвартай эдийн засгийн эх үүсвэр олж авах шаардлага үүссэн. Энэ нь “Сибирийн хүч 2” санаачилгыг яаравчлуулах үндэс болсон хэмээн шинжээчид үзэж байна. Оросын талаас хийн хоолойг 2600 км үргэлжилнэ хэмээн тооцоолжээ. Ингэхдээ хийн хоолойг Монгол Улсын газар нутгаар дайруулан барих нь хамгийн хямд өртөгтэй гэж үзсэн байна. Мөн төслийг 2024 онд эхлүүлж, 2029 он гэхэд бүрэн ашиглалтад орж дуусах саналыг Хятадын талд тавиад байгаа юм.
Энэ төсөл хэрхэхийг БНХАУ шийдэх бололтой
2021 оноос эрчимтэй яригдсан тус хийн хоолойг Монголын нутгаар дайруулан барих эсэх талаар хоёр хөрш төдийлөн ам нийлэхгүй байсаар өдийг хүрсэн. Орос-Украйны дайны улмаас Орост тавьсан Европын хориг арга хэмжээний улмаас ОХУ-ын байгалийн хийн экспорт их хэмжээгээр зогсож, эдийн засгийн асар их алдагдал хүлээсэн юм. Мөн 2022 онд Оросоос Европ руу чиглэсэн хийн хоолой учир битүүлгээр дэлбэрснээр ОХУ-ын эдийн засгийг бүрдүүлэгч амин судас үгүй болж, ОХУ тэр их хэмжээний байгалийн хийн нөөцийг Хятад руу нийлүүлэхээр яаравчлах болсон. Оросын талаас хамгийн хямд өртгөөр, хамгийн хурдан аргаар Монголын нутаг дэвсгэрээр дайруулан тус хийн хоолойг барих хүсэлтэй байгаа ч Хятадын талаас энэ саналыг няцааж, бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулаад байна.
Агаарын бохирдлоос ангижрах зорилтынхоо хүрээнд байгалийн хий худалдаж авах хэрэгцээ шаардлага Хятадын талд байгаа. Гэвч уг асуудлыг тэд маш нухацтай авч үзэж байна. Тухайлбал Хятад Улс, АНУ-тай ойр дотно байхыг хичээж буй Монгол улсад итгэх итгэлгүй, аюулгүй байдлын хувьд баталгаагүй гэж үзэж байгаагаа Оросын талд удаа дараа мэдэгдсэн аж.
Хамгийн тод жишээ нь Монгол-АНУ-ын хооронд 2019 онд байгуулагдсан Монгол-АНУ-ын стратегийн түншлэлийн гэрээ нь БНХАУ Монголоос болгоомжлох хамгийн том шалтгаан болж байна.
Хятад шинэ санал дэвшүүлэв
Хятадын талаас хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулалгүй, БНХАУ-ОХУ-ын хилийн зааг болох Улаан-үд-Чита-Хөлөнбуйр гэсэн маршрутаар эсвэл Казакстан улсаар дамжуулан Хятадын баруун хойд хэсгээр оруулж ирэх боломжтой гэж саналаа илэрхийлсэн байна.
Ерөнхийдөө Хятадын талаас дэвшүүлж буй энэ зам нь төмөр замаар холбогдсоны дээр өртгийн хувьд нэг их ялгаа байхгүй гэж тэд үзэж байгаа юм байна. Одоо Орос улс байгалийн хийг Хятадад мянган шоо метрийг нь 271.6 ам.доллараар, Европ, Туркт 481.7 ам.доллараар борлуулж байна. Энэ дүр зургаас харвал Европ руу нийлүүлдэг байсан асар их байгалийн хийн нөөцийн үлдэгдлийг Хятад руу хурдан шуурхай нийлүүлж, алдагдал багатай ажиллахыг Орос эрмэлзэж байгаа. Энэ хэрэгцээ шаардлагыг Хятад ухаалгаар ашиглан, байгалийн хийн үнийг бууруулах, хийн хоолой барих бүх зардлыг Оросоор гаргуулах сонирхолтой байгаа судлаачдын таамгийг бататган өгч байна. Түүнчлэн Хятад одоогоор Туркеминистанаас байгалийн хийг хямд өртгөөр худалдан авч байгаа нь Орост өрсөлдөөн үүсгэж байгаа ба энэ нь Хятадын хувьд давуу тал болж Орост өөрсдийн тавьж буй саналыг ятгаж чадах нөхцлийг бүрдүүлж байна.
“Сибирийн хүч 2” төсөлд бид хэрхэн хандах хэрэгтэй вэ?
Монголын талаас “Сибирийн хүч 2” санаачилгыг дэмжихээ илэрхийлсэн үйл явдлууд болж өнгөрсөн билээ.
Мөн ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко 2023 онд Монгол Улсад айлчлах үеэрээ “Сибирийн хүч-2” төслийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх санал тавьж, 2024 оны нэгдүгээр улиралд барилгын ажлыг эхлэх хүлээлттэй байгаа талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Тус хийн хоолойг бид нутаг дэвсгэрийн байрлалынхаа давуу талыг ашиглан эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой маш том мега төсөл гэж судлаачид үзсээр ирсэн. Учир нь хийн хоолойг дагасан дэд бүтэц сайжрах, Монгол Улс өөрийн нутгаар дамжих тээврээс татвар авч төсвийн шинэ эх үүсвэртэй болох, байгалийн хийн хэрэглээнд шилжиж нийслэл болон аймгийн төвүүд агаарын бохирдлын асуудлаа шийдэх, ажлын байр нэмэгдэх, бүс нутгийн интеграцид нэгдэх гэх мэт олон давуу тал манай улсад бий болох боломжтойг судлаачид дурдсан байдаг.
Дээрхээс харвал ОХУ болон Монголын талаас гэрээнд гарын үсэг үзэглэхэд бэлэн болсон ч Хятадын тал цааргалж байна.
Үүнд хэд хэдэн шалтгаан буйг Монгол, Хятадын судлаачдын өнцгөөс тайлбарласныг тоймлон үзвэл,
Түүнчлэн ОУХ-ны системийн хувьд авч үзвэл хэд хэдэн дүгнэлт гарч болохоор байна.
“Сибирийн хүч 2” хийн хоолойн төслийг дагасан хэлэлцүүлэг БНХАУ болон ОХУ-ын судлаач дунд ид өрнөж буй энэ цаг үед төрийн удирдлагууд энэ асуудалд анхаарч байна уу, эсвэл сонгууль хөөж явсаар байна уу..?
Эх сурвалж
Сэтгэгдэл үлдээх
yag unen
Narka
Дэмжих үү?
0 0Good job :-))))
Guuneee
Дэмжих үү?
2 0