Бид өөрсдийгөө дүгнэх эсвэл гаднынхны нүдээр Монгол Улсыг дүгнэх нь ялгаатай байх нь дамжиггүй. Тиймээс энэхүү нийтлэлээр дамжуулан хувь хүний үзэл бодлыг бус харин гаднын судалгааны байгууллага, судлаач эрдэмтэд Монгол Улсын гадаад болон дотоод бодлогын нөхцөл байдлыг хэрхэн харж буйг тоймлон хүргэж байна.
Гаднынхан нийтлэл, өгүүлэл болгоныхоо өмнө бидний газар зүйн байршил болох хоёр их гүрний дунд байрлах “буфер” улс хэмээх сэдвийг дурдсан байлаа. Хоёр том хөрш гүрний “аргыг олох”, өөрсдийнхөө эрх чөлөөгөө хамгаалан авч үлдэх, хоёр хөршийн нөлөөнөөс аль болох хараат бус байх зорилготой “гуравдагч хөрш”-ийн бодлогын нюансыг гадаад болон дотоод бодлогоороо хэрхэн зохицуулахыг тэд ажиглан суудаг билээ.
Туркийн судлаач Elcan TOKMAK “Mongolia’s Foreign Policy and Its Place in Global Politics” өгүүлэлдээ “Монгол Улс олон улсын тавцанд тэнцвэртэй бодлого баримталдаг орны хувьд Хятад, Орос, АНУ болон барууны орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийг эрмэлздэг. Орос-Украины дайны дараа Хятад улсад барууны зүгээс үзүүлэх дарамт шахалт нэмэгдэж, эдийн засгийн түншүүдээ төрөлжүүлэх хүсэл эрмэлзэл нь Монголын ач холбогдлыг улам нэмэгдүүлсэн” гэжээ.
Түүнчлэн Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалыг Монгол Улс төвийг сахисан гадаад бодлого хэрэгжүүлж буйн тусгал, мөн Ромын Папын айлчлал нь католик шашинтай олон орны анхаарлын төвд Монголыг аваачаад зогсохгүй барууны улс орнуудтай харилцаагаа бат бөх хадгалах чухал арга хэмжээ хэмээн онцолсон байна.
Elcan TOKMAK нь зөвхөн гуравдагч хөршийн асуудлыг онцлохоос гадна хоёр хөрштэй харилцах харилцааг өгүүлэлдээ тусгажээ. Энэ талаар тэрээр “Монгол Улс Хятад, Орос, Беларусь улстай харилцаагаа сайжруулахаар ажиллаж байна.
Хятад, Монголын харилцааны хөгжлийн тухайд Улаанбаатарын Засгийн газар Бээжинтэй эрүүл харилцаа тогтоож, сайжруулах сонирхолтой байгаа нь илт харагдаж байна. Мөн Хойд Солонгостой эерэг харилцаатай байгаа нь тус улсын бүс нутаг дахь ач холбогдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Дүгнэж хэлэхэд, Монгол Улс гадаад бодлогоо Вьетнам, Өмнөд Солонгосын нэгэн адил үндэсний эрх ашгийг эрхэмлэн олон талт болгохоор ажиллаж байна” гэжээ.
Манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Улаанбаатар хотод “Эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалт” болсон билээ.
Энэ үеэр Германы Гадаад хэргийн яамнаас “Орос, Хятадын дунд оршдог Монгол нь өөрийн гэсэн ардчилсан, тусгаар тогтнолын замаар явж байна. Монгол Улс геополитикийн байрлалын хувьд “гуравдагч хөрш”-өө, түүний дотор Орос, Хятадаас гадна өөрийн хилээс алслагдсан ойрын түншүүдийг хайж байна. Герман бол Монголын "гуравдагч хөрш"-ийн нэг бөгөөд дэлхийн ардчилсан орнууд өндөр уулс, тал хээр талд ч бай хамтдаа зогсох ёстой” гэсэн байна.
Бритиш Колумбийн их сургуулийн Төрийн бодлого, дэлхийн харилцааны сургуулийн дэд профессор Julian Dierkes Монголын гадаад бодлого 2022 онд өөрчлөгдөж буй геополитикийн нөхцөл байдалд дасан зохицож чадах уу гэсэн асуултад хариулт хайжээ.
Энэ талаар тэрээр “Орос-Украины дайн нь Монголын нийгмийг Оросыг дэмжигчид болон Украиныг дэмжигчид гэж хоёр хуваасан. Монголын Засгийн газар ихэнх хугацаанд дайны талаар чимээгүй байж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр Оросыг шүүмжилсэн санал өгөхөөс түдгэлзсэн. Монгол Улс шатахуунаар, Монголын баруун бүс нь эрчим хүчээр ОХУ-аас хараат байгаа нь Монголын гадаад бодлого боловсруулах эрх чөлөөг улам бууруулж байж болзошгүй юм. Мөн Монголыг дамнасан байгалийн хийн хоолой барих төлөвлөгөө, Хятадын санхүүжилт шаардлагатай байж болзошгүй усан цахилгаан станцын төслүүд нь Монголын Орос, Хятадтай харилцах харилцаанд ч нөлөөлсөн бололтой” гэсэн байна.
Мөн тэрээр дотоод бодлогын талаар дурдахдаа “Монгол Улс төсвийн тогтвортой байдлаа хангахын тулд нүүрсний экспортоос өөр орлогын эх үүсвэр олж чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Монгол Улсын Засгийн газар 2023 оны төсвийн хөрөнгөө өр төлбөрөө төлөхөд зориулж байгаа нь, мөн төрийн өмчит компаний оролцсон нүүрстэй холбоотой авлигын хэргүүд монголчуудыг нэн эмзэглүүлж байна. Энэ нь Орос, Хятадын авторитар дэглэмийн эсрэг Монголын “гуравдагч хөршийн бодлого” буюу Орос, Хятадаас гадна улс орнуудтай харилцаагаа бэхжүүлэх сонирхол сэргэж байгаа энэ үед тохиож байгаа нь аюул дагуулж байна.
Монгол Улс сүүлийн 8 жилийн хугацаанд МАН-ыг олонх болгон сонгосон явдал нь Монгол Улс ардчиллаас ухрах вий гэсэн айдаст автуулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар өөрсдийн эрх мэдлийг бэхжүүлэхийн тулд хуульд өөрчлөлт оруулах, өөрсдийн ойр дотнын хүмүүсийг засгийн эрхэнд гаргах зэрэг үйл явдлуудаас дүгнэн харвал нэг намын “дарангуйлал”-д шилжиж буй дүр зураг ажиглагдаж байна. МАН-ыг төр барих хугацаанд гарсан төрийн өмчит компанийн оролцоотой нүүрсний хулгайн хэрэг, ковидын үеийн хөл хорио, эмх замбараагүй бодлогогүй шийдвэрээс гарсан инфляцын өсөлт, Монголд өдгөө хүртэл хурцаар тавигдаж буй авлигын асуудал зэрэг нь тус засгийн газар цаашид үргэлжлэн төр барих эсэх тал дээр эргэлзээг төрүүлж байна” хэмээн хатуухан шүүмжилжээ.
Эдгээрээс дүгнэн харвал,
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлого явуулах чиглэлийн хүрээнд бидэнд ахиц дэвшил буйг харж болж байна. Гуравдагч хөршийн бодлогыг ахиулах бодлогын хүрээнд АНУ, Европын орнууд, тэр дундаа Ромын Папын айлчлал, Эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалт, Францын ерөнхийлөгчийн айлчлал нь жин дарж байна. Түүнчлэн хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байх чиглэлийн хүрээнд аль болохоор хүчин чармайлт гаргаж, бүх хурал уулзалтад оролцож, хоёр хөршийн бодлогыг эрчимтэй дэмжихээ илэрхийлсээр байна. Үүний нэгэн тод жишээ нь БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг дэмжиж буй шийдвэрүүд болон ОХУ-ын Украйн дахь түрэмгийллийн хажуугаар “дуугүй” өнгөрч буй үзэгдэл юм. Үүнээс гадна олон улсын тавцанд бид Хойд Солонгостой найрсаг харилцаатай гэдэг утгаараа тухайн бүс нутагт нэр хүндээ өсгөх боломж үргэлж байдаг билээ. БНХАУ-ОХУ-Хойд Солонгос хоорондоо ойртон нягтарч буй энэ үед бид ч мөн тэдэнтэй ойр байж, улс орны, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах “тоглогч” болох боломжоос “тас зуурсан” байгаа нь харагдана.
Гэсэн хэдий ч…
Аливаа улсын гадаад, дотоод бодлого нь нэг тэрэгний хоёр дугуй юм. Бид аль нэгийг нь хөгжүүлээд, аль нэгийг нь орхигдуулах ямар ч боломж байхгүй. Улсын дотоод бодлого нь улс хоорондын төрийн албан ёсны айлчлалууд, гадагшаа чиглэсэн үр дүнтэй, дүнгүй олон яриа хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурах, хамтдаа зураг даруулах зэрэгтэй дүйцэхүйц ач холбогдолтой байдаг гэдгийг бид дээрх өгүүллүүдээс харах хэрэгтэй. Тухайлбал Монгол Улсад өнөөг хүртэл нүүрлэсэн авлига хээл хахууль, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулах, үргүй зарах, инфляцын өсөлт, хүн амын ядуурал, утаа, төрийн эрх мэдэлтнүүдийн судалгаагүй хөнгөн шийдвэр гаргалтууд, нэг нам олон жил дангаар ноёрхох зэрэг нь ардчиллаас ухрах, олон улсад нэр хүндээ унагах томоохон хүчин зүйл болж байна. Энэ нь нэг талд зарсан тэр их хөрөнгө мөнгө хүчин чармайлтын үр дүнг “хумхийн тоос” болгох эрсдэл дагуулж буйг ирээдүйд чухалчлан авч үзэх шаардлагатай байна.
Эх сурвалж
Сэтгэгдэл үлдээх