А.Г.Лукашенко “сүхээ шалгаад” буцлаа

Б.Алтансувдмаа
2024-06-05

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко зургадугаар сарын 1-4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлал албан ёсоор зургадугаар сарын 1-нд эхэлсэн ч Беларусийн талаас хэлье гэсэн санаагаа тавдугаар сарын 30-ны өдөр илэрхийлсэн байна. 

Тодруулбал, Лукашенко айлчлал болохоос хоёр хоногийн өмнө буюу тавдугаар сарын 30-ны өдөр улсынхаа сүхний үйлдвэрт зочилж, сүх шалгажээ. Тэрээр улаан иштэй сүхээр мод хагалж байх бөгөөд “Сайн сүх байна, гэхдээ ажиллах шаардлагатай” хэмээн хэлсэн. Энэхүү үгийг манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дайсан байж болзошгүй.

Бүр задалбал, сүхний үйлдвэрээр орж сүх шалгасан нь Ерөнхийлөгчийн нэрэнд “сүх” хэмээх үг орсонтой холбоотой бол сүхний иш улаан байгаа У.Хүрэлсүхийг МАН-аас сонгогдсоныг илэрхийлж байж болох юм. 

Түүнийг яагаад ингэж хэлснийг ШХАБ-тай холбон тайлбарлаж болно. Лукашенко 2023 онд БНХАУ-д хоёр ч удаа айлчилсан. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Беларусь улс ШХАБ-д орж, дэлхийн энх тайван, хамтын ажиллагааны төлөө олон талбарт хамтран ажиллана гэж найдаж байна” гэж хэлжээ. БНХАУ-ыг ийнхүү ятгасны дараагаар Беларусь улс нь ШХАБ-ын үндсэн гишүүн болох санамж бичгүүдэд гарын үсэг зурж, энэ онд багтан ШХАБ-д элсэхээр төлөвлөж байна. 

Үүнээс гадна Лукашенко нь НАТО-ий эсрэг Оросын гол холбоотон гэгддэг. Лукашенко 2023 оны 6 сард Беларусийн төрийн хэвлэл мэдээллийн Белта телевизэд өгсөн ярилцлагадаа “Манайд Оросын бөмбөг болон пуужингууд бий. Энэ нь АНУ 1945 онд Хирошимад хаяж байсан цөмийн зэвсгээс даруй 3 дахин хүчтэй” хэмээн цэрэг зэвсгийн машин, цэргийн хуаран зэрэг харагдаж байгаа зам дээр ярилцлага өгч байжээ. 

Оросын удирдагч Путин Беларусьт зэвсэг хадгалах тусгай байгууламж барьсны дараа тактикийн цөмийн зэвсгээ байршуулах үйл ажиллагаа эхлэнэ хэмээн мэдэгдсэн байдаг. Беларусийн газар нутаг нь НАТО-ий гишүүн орон болох Латви, Литва, Польш зэрэгтэй хиллэдэг. Тиймээс энэ нь ОХУ цөмийн зэвсэг хэрэглэлээ гэхэд энэ нь газар зүйн хувьд хамгийн ашигтай байрлал гэсэн үг. Лукашенко нь 1994 оноос эхлэн Беларусийн ерөнхийлөгч хийж эхэлсэн ба энэ цагаас эхлэн Оростой харилцаагаа улам гүнзгийрүүлж ирсэн. Барууны орнууд Беларусийг нэг хүний дарангуйлалтай хэмээн шүүмжлээд зогсохгүй Украиний дайнд Оросыг дэмжиж байгаад дургүйцэл илэрхийлж Оростой хамт олон хоригт оруулсан байдаг. 

Лукашенко Монголыг ШХАБ-д элсэхийг ятгасан уу?

Ийнхүү түүний айлчлал 6 сарын 1-нд албан ёсоор эхэлж, зургадугаар сарын 3-ны өдөр уламжлал ёсоор хэвлэлүүдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр “Манай хоёр улс гадаад бодлогын хувьд ойролцоо, хоёул далайд гарцгүй улс. Тиймээс бид их гүрнүүдийн ижил түвшинд хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой. Энэхүү хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлжээ. Энэ нь манай улсыг Беларусийн замаар замнахыг уриалсан буюу Оросын гол холбоотон болж, мөн ШХАБ-д элсэхийг уриалсан байж болох юм. 

Лукашенког айлчлахын өмнөхөн ШХАБ-ын гишүүн орнуудын уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Бид ШХАБ-д Монголын талыг элсүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Монголын газар зүйн байршил ШХАБ-ын бүс нутагт багтдаг учир бид хөрш улсаа энэ байгууллагад нэгдэхийг уриалах болно. ШХАБ-ын бүх гишүүн орнууд үүнийг дэмжиж байгаа” хэмээн мэдэгдсэн юм. Мөн БНХАУ-ын хятадын томоохон судлаачийн нэгэн нийтлэлд ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавров үг хэлэхдээ, Монголыг цохон дурдаад, ШХАБ Монголыг ахин 20 жил хүлээхгүй, тэрээр Монгол Улс ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч орнуудын нэг хэдий ч одоог хүртэл “Гуравдагч хөршийн бодлого” гэж ярьсаар байдаг. Монгол Улс хоёрхон хөрш улстай, газар нутгийн байрлалаа харсан ч тэдэнд ямар ч боломж байхгүй, онгоцоор явсан ч Хятад, Оросын агаарын хилийг дамжиж л таарна хэмээн хэлснийг онцлон бичжээ. Энэхүү мэдэгдлийн дараа Оросын хамгийн гол холбоотон манай улсад айлчилж, дээрх агуулгыг илэрхийлсэн нь биднийг ШХАБ-д элсүүлэхийг ятгаж буй оролдлого болж байна. 

Гэвч манай улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, хэрэг дээрээ төвийг сахисан гадаад бодлоготой билээ. Тэр ч утгаараа Лукашенког айлчлах үеэр Солонгосын хойш дахь энх тайвныг уриалсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г зохион байгуулах талаар мэдээллийг түгээж, бид гадаад бодлогын үзэл баримтлалдаа үнэнч гэдгээ илэрхийлсэн байх боломжтой. 

Монгол Улс ямар хариу үйлдэл үзүүлэв?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын хувьд ил болон далдаар ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Харин Украиныг дэмжигч “NoWar” бүлгэмээс Төв талбайд эсэргүүцэл зохион байгуулж, цагдаагийн байгууллагаас тэднийг ачсанаар дууссан. 

Энэ бүхнээс дүгнээд харвал, Беларусийн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр тал худалдаа эдийн засаг, боловсрол шинжлэх ухаан, газар тариалангийн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ хэмээн өнгөн дээрээ хэлэх ч үүний цаана асар том хөрш хоёр гүрний эрх ашиг явж байна. 

Тиймээс бид олон тулгуурт, энх тайванч гадаад бодлого явуулахаа тасралтгүй илэрхийлэх хэрэгтэйг харуулж байна. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг шиг дотооддоо хэн хэнийгээ тэрний тал, энэний тал гэж хэлэхээсээ болгоомжлох, ард түмэн нь ч тэр, улс удирдагчид нь ч тэр үнэхээр хэрсүү хандах цагтай нүүр тулжээ гэдгийг Беларусийн Ерөнхийлөгчийн айлчлал бидэнд сануулав.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe