Засгийн газрын ирэх 4 жилийн ажлаас ОНЦЛОХ нь

Н.Саруулдөл
2024-08-13

Засгийн газраас 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барилаа.

Өргөн барьсан төслийг үзвэл, нийт 4 багц бодлогын хүрээнд хөтөлбөрөө гаргажээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол ерөөсөө л энэ Засгийн газар ирэх дөрвөн жил юунд анхаарч, ямар төлөвлөгөөтэй ажиллаж, юу хийх талаарх баримт бичиг юм. Баримт бичгийг УИХ хэлэлцэж, дэмжсэн тохиолдолд албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.

Энэ удаагийн Засгийн газар нь "No surprise" буюу ямар нэг гэнэтийн шийдвэр гаргахгүй байх зарчим баримталж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл тэдний өргөн барьсан хөтөлбөрөөс онцлон хүргэж байна. 

1. Бүсчилсэн хөгжлийн бодлого

Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлого нь тэр чигтээ бүтээн байгуулалтад чиглэсэн бөгөөд дөрвөн дэд асуудалд чиглэж байна. Үүнд,

     1.1 Улаанбаатар хот - 20 минутын хот стандарт 

20 минутын хот гэдэг нь иргэд оршин суугаа газраасаа 300-500 метрийн дотор өөрт хэрэгтэй бүх үйлчилгээг авахыг хэлж байна. Энэ хүрээнд “Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040”-г боловсруулж, батлуулна. Үүнээс гадна хотод жил бүр эрчим хүч тасалдах асуудал бий. Энэ асуудлыг шийдэхийн тулд хийн дулааны станцууд болон хотын дэд төвүүдийн дулааны станцуудыг үе шаттайгаар барих гэнэ. 

Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулна. Энэ хүрээнд ипотекийн зээлийн 50-иас багагүй хувийг дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгоно. Мөн ногоон хотыг бий болгох хүрээнд хууль бусаар олгосон газруудыг нийтийн эзэмшил болгож, ногоон байгууламжтай болгохын сацуу Туул, Сэлбэ, Улиастай, Нарангийн голын эргийн хамгаалалтын 30 км далан болон ус зайлуулах 100 км суваг шинээр барьж, дөрвөн байршилд усан сан, хөв, цөөрөм байгуулж хот доторх гол, горхины урсцад тохируулга хийдэг болно.

Энэ бодлогод бас нийтийн тээврийг орхисонгүй. Нийтийн тээврийг олон төрөл, сонголттой болгох талаар тусгасан байна. 

     1.2 Бие даасан эдийн засаг бүхий дагуул хот

Дагуул хотоор ирэх дөрвөн жил Шинэ Зуунмод хотыг дагуул хотоор хөгжүүлэхээр тусгасан байна. Ингэхдээ төрийн байгууллагуудыг үе шаттайгаар шилжүүлэн байршуулна. Ялангуяа, Номтын аманд төрийн захиргааны нэгдсэн байрыг барих аж. Мөн Багануур, Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг дуусгана гэжээ. 

     1.3 Бүсийн төрөлжсөн хөгжил

Энэ бодлогын хүрээнд Монгол Улсыг 6 бүсэд хуваан хөгжүүлнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, 21 аймгийн хөгжил гэхээс илүү 6 бүсчилж хөгжүүлэх нь үр дүнтэй гэж энэ Засгийн газар үзсэн бололтой. Ингэхдээ хангайн, төвийн, зүүн, баруун, говийн, хойд бүс хэмээн хуваана. Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуй, баруун бүсийг эрчим хүч, аялал жуулчлал, хойд бүсийг аялал жуулчлал, аж үйлдвэрлэл, говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүч, төвийн бүсийг хөдөө аж ахуй, аж үйлдвэр, зүүн бүсийг түүхэн аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуйн чиглэлд хөгжүүлнэ гэсэн байна. 

     1.4 Орон нутгийн хөгжил

Энэ бодлогыг хотын төвлөрлийг орон нутаг руу шилжүүлэхэд анхаарах бодлого гэж хэлэхэд буруудахгүй. Тухайлбал, одоо хэрэгжүүлж буй цалингийн нэмэгдэл, ипотекийн зээл, бизнесийг 500 сая хүртэл дэмжих зэрэг бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд хамгийн чухал нь орон нутгийн ялгаатай татварын бодлого хэрэгжүүлнэ гэсэн нь онцлох заалт болжээ. 

2. Хүний хөгжлийн бодлого

Засгийн газрын энэхүү бодлого нь нийгмийн асуудалд анхаарсан байх бөгөөд мөн л дөрвөн дэд асуудалд чиглэж байна. 

     2.1 Чинээлэг монгол хүн

Нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулж, иргэн бүрд хуримтлалын сан бүрдүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах, тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах боломжийг бүрдүүлнэ. Үүнийг өнгөрсөн жилүүдэд ярьж байсан бодлого бөгөөд бодит ажили хэрэг болгох л үлдээд байгаа юм. 

Эмэгтэйчүүдийн болон ганц бие эх, эцгийн хөдөлмөр эрхлэлт, асрахуйн эдийн засгийг дэмжих бодлого баримтална гэжээ. Асрахуйн эдийн засгийг дэмжинэ гэдгээр "Цалинтай ээж" хөтөлбөрийн мөнгийг нэмэх талаар байж магадгүй юм. Үүнээс гадна зөвхөн ээжүүдэд биш ээж, аавуудад цалин өгөх талаар баримт бичигт тусгажээ. 

Тэтгэврийн хэмжээг инфляц, хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих боломжийг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ гэж тусгасан байна. 

Зайнаас, цахимаар, цагаар ажиллах хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эрх зүйн орчныг сайжруулна.

Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог бий болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, ирээдүйд ахмад настнууд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бүрдүүлнэ.

     2.2 Эрдэм боловсролтой монгол хүн

Энэ бодлогоос сургуулийг нэг ээлжээр хичээллүүлэх талаар заалтыг онцолмоор байна. Эхний ээлжид хот, суурин газрын сургуулиудыг нэг ээлжээр, цөөн хүүхэдтэй хичээллүүлэхэд анхаарах талаар тусгасан байна. 

Мөн цэцэрлэгт орохоос өмнөх буюу 2-оос доош насны хүүхдэд зориулсан яслийн үйлчилгээний хувилбарыг бий болгоно.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг үдийн сүүгээр хангах “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Багшлах хүний нөөцийг чадавхжуулж цэцэрлэгийн багш 10,000, бага ангийн багш 2,000, ЕБС-ийн багш 11,000, англи хэлний 2,000, МСҮТ-ийн 2,000 багшийг гадаад, дотоодод бэлтгэнэ.

     2.3 Эрүүл монгол хүн

Энэ бодлого нийгмийн эрүүл мэнд болоод эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахал чиглэжээ. 

“Эрүүл шүд", “Хорт хавдраас сэргийлэх, хянах”, “Зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх “Эрүүл Монгол” хөтөлбөрийг  хэрэгжүүлж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлнэ.

Иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломжийг нэмэгдүүлж, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологи телемедицин, хиймэл оюун ухааныг эмчилгээ, оношилгоо, хяналтад нэвтрүүлнэ.

     2.4 Баялагтаа эзэн монгол хүн

“Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг өмчлөх хэлбэрийг орон сууцны төслүүдийг хэрэгжүүлнэ.

Гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан тохиолдолд 30 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ.

Саарал усыг дахин ашиглана.

3. Эдийн засгийн бодлого

Засгийн газрын энэхүү бодлого нь зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулан, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, олон тулгуурт, хүртээмжтэй, экспортын баримжаатай эдийн засгийг бэхжүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадамж бүхий ногоон хөгжлийг цогцлооно гэжээ. Энэхүү бодлого нь мөн 4 дэд асуудалд анхаарна. 

     3.1 Эдийн засгийн эрх чөлөө

Эдийн засгийн өсөлтийг жил бүр 6 ба түүнээс дээш хувьд тогтвортой байлгах, инфляцыг 5 хувиас бага түвшинд хадгалах бодлогыг баримталж, гадаад валютын нөөцийг 10 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлнэ.

Зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, зохицуулалтыг хялбарчлан, салбаруудын болон хувийн секторын чөлөөт өрсөлдөөнийг дэмжинэ.

Гадаадын банкны салбар нэгжийг дотоодын зах зээлд нэвтрүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллагыг байгуулна.

Хөгжлийн банкны үйл ажиллагааг экспорт-импортын банк болгон өргөжүүлж, засаглалыг сайжруулан, ногоон орон сууцны санхүүжилтийн хөрөнгө оруулалтын сан байгуулна.

     3.2 Бизнес хөрөнгө оруулалтын орчин 

Энэ Засгийн газар энэхүү бодлогоороо татвар, нийгмийн даатгалын реформ хийхээ зарлалаа. Ялангуяа, бага дунд орлоготой иргэдийн татварыг ачааллыг бууруулна гэсэн байна. 

Татварын өр хураах, хөрөнгө битүүмжлэх үйл ажиллагааг татвар төлөгчийн үйл ажиллагааны эрсдэлийн түвшингээс хамаарч уян хатан зохицуулдаг болж хариуцлагатай татвар төлөгчийг дэмжинэ.

     3.3 Эдийн засгийн төрөлжилт, либералчлал 

Энэ Засгийн газрын бодлогоор бол манай эдийн засгийн төрөл нь ирэх дөрвөн жилд уул уурхай, боомт, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологи, инновац байх нь тодорхой болж байна. Мөн эдгээр салбарт либералчлал хийх бөгөөд эхний ээлжид эрчим хүчний либералчлал явах магадлал хамгийн боломжтой харагдаж байгаа юм. 

  • Оюутолгойтой дүйцэхүйц дараагийн стратегийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
  • Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ.
  • Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулна.
  • Аялал жуулчлалын гол замуудыг хатуу хучилттай авто замаар холбоно.
  • Төмөр замын тээврийн үнэ, тарифыг зах зээлийн зарчимд нийцүүлнэ.
  • Ураны нөөцийг түшиглэн атомын цахилгаан станц барих бодлого хэрэгжүүлж, суурь судалгааг хийнэ.
  • Олон улсын стандартад нийцсэн малын вакциныг дотооддоо үйлдвэрлэж, мал эмнэлгийн лабораторийн чадавхыг сайжруулна.
  • “Go Mongolia” арга хэмжээг үргэлжлүүлж, гадаад жуулчдын тоог жилд 2 саяд хүргэнэ.
  • Богд хааны ордон музейн орчмыг VIII Богд Жавзандамба хутагтын амьдарч ирсэн түүх, соёлд тулгуурлан төрөлжүүлж, хөгжүүлнэ.
  • “Кино үйлдвэр” орчмыг “Монгол киноны түүх соёл”-д тулгуурлан төрөлжүүлж, хөгжүүлнэ.

     3.4 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон санхүүжилт

Энэ бодлогоор ногоон эдийн засгийг хөгжүүлнэ гэжээ. Тэр тусмаа, Хог хаягдлаас үүдэн байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулж, хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгон, татварын бодлогоор дэмжин ажиллана гэсэн байна. 

2. Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого

Төрийн үйлчилгээг цахимжуулж, үр ашиг, хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэн, чадварлаг, ухаалаг төрийн албыг төлөвшүүлж, хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төрийн бодлогыг хэрэгжүүлнэ. Монгол үндэсний үнэлэмжийг нэмэгдүүлж, эх оронч сэтгэлгээг бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлж, гадаад бодлогын нээлттэй олон тулгуурт зарчмыг баримтална. Энэхүү бодлого нь мөн л дөрвөн дэд асуудалд анхаарч байна. 

     4.1 Хүний эрх

“Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр” батлуулж, хэрэгжүүлнэ.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлнэ.

Ази тивийн хүний эрхийн төвийг Монгол Улсад байгуулна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт, хараат бус, бие даасан байдлыг хангах, тэдгээрийн редакцыг эздийн нөлөөллөөс гаргах, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөө болон мэргэжлийн ёс зүй, хариуцлагатай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

     4.2 Авлигагүй засаглал

Төрийн өндөр албан тушаалтны зарлага, орлогын албан татвар төлөлтийг ил болгох, хянах тогтолцоог бүрдүүлнэ.

Даргын эрх мэдлийг баталгаажуулсан байгууллагын хуулийг халж, иргэнд үйлчлэх албаны хууль болгоно.

     4.3 Цахим засаглал, төрийн бүтээмжийн дахин инженерчлэл

Үндэсний хиймэл дагуул хөөргөж, нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгчдийг дэмжинэ.

Аливаа контентын жинхэнэ эсвэл хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн эсэхийг тодорхойлох, байгууллагын болон иргэдийн нэр хүндэд халдах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх системийг бүрдүүлнэ.

Дэлхийд өрсөлдөх чадвартай, технологийн тэргүүлэх байгууллагын сертификаттай 1,000 мэргэжилтэн бэлтгэж, 1,000 өндөр технологийн ажлын байр бий болгох үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.

     4.4 Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба амар тайван нийгэм

Монгол хүний бахархал, өв соёл, нүүдлийн соёлыг дэмжих үндэсний соёлын үнэт зүйлд суурилсан нийгмийн соён гэгээрлийн бодлого баримталж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлнэ.

Монгол Улсын үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс, аливаа талцал, хуваагдал, Үндсэн хуульт ёсны эсрэг үзэл, хандлага, ёс суртахууны доголдол, гаднын зөөлөн хүчний бодлогын нөлөөнд орох эрсдэлээс хамгаалах, үндэсний эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэх ойлголт, хандлага, соёлыг нийгэмд төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Эрүүл чийрэг, эх оронч, ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлэх “Эх оронч монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

“Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” суурь зарчмыг тууштай баримталж, хоёр хөрш болон гуравдагч хөрш улсуудад таниулан, харилцааны тэнцвэр, байр сууриа хадгалж, гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг ханган, олон улсад Монгол Улсын нэр хүнд, эзлэх байр суурь, нөлөөг нэмэгдүүлэх замаар хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлнэ.

“Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг өргөжүүлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бусад улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe