Венесуэлд төрийн эрхийг хэн авах вэ

Ц.Чимэдцэеэ
2024-08-14

Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг долоодугаар сарын 28-ны ням гарагт хураасан. Маргааш нь буюу 29-ний даваа гарагт Сонгуулийн төв байгууллагаас одоогийн Ерөнхийлөгч Николас Мадурог 51 хувийн саналаар 3 дахь удаагаа сонгосон тухай зарлав.

Тэр даруй Венесуэл Улсын нийслэл Кракас хотод эсэргүүцсэн жагсаал эхэлж, үргэлжилсээр байна.

The Guardian агентлагийн мэдээлснээр жагсаалд оролцсон 2000 гаруй хүнийг баривчилж, 22 иргэн, 2 цэрэг амиа алджээ. Мөн сөрөг хүчний хоёр удирдагчийг баривчилсан гэв.

Харин сөрөг хүчин наймдугаар сарын 17-нд дэлхий дахинаа Мадурог эсэргүүцсэн жагсаал зохион байгуулахыг уриаллаа.

Яагаад жагсав

Улс төрийн тогтолцооны хувьд Венесуэл нь Ерөнхийлөгчийн засаглалтай буюу гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгч хэрэгжүүлдэг. 1998 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 56.4 хувийн саналаар үндсэрхэг үзэлтэй Уго Чавесыг сонгосон.

Тэр Үндсэн хуульд өөрчлөлт хийн ардчилсан, чөлөөт эдийн засаг бүхий тогтолцоог халж, авторитар дэглэм тогтоосон билээ. Уго Чавесыг 2013 онд нас барснаас хойш залгамж халааг нь Николас Мадуро үргэлжлүүлж байна.

Reuters агентлагаас дээрх хугацааг “Дөрөвний нэг зуун үргэлжилсэн социалист засаглал” хэмээн тодотгов.

Венесуэлчүдийн хувьд нэг хүн тасралтгүй төр барьж, аажмаар дарангуйллын тогтолцоонд шилждэг “авторитар дэглэмийг” халах хууль ёсны арга нь энэ оны Ерөнхийлөгчийн сонгууль байсан юм. Харин эрх баригчид сонгуулийг луйвардсан гэж үзэн иргэд жагсаал эхлүүлсэн.

Эрх баригчид сонгууль луйвардав уу

Сонгуульд хөндлөнгийн ажиглагчаар оролцсон АНУ-ын The Carter ТББ "сонгуулийн шударга байдлын олон улсын стандартыг хангаагүй бөгөөд ардчилсан гэж үзэх боломжгүй" хэмээн мэдэгдсэн.

Санал хураалтын дүнтэй холбогдох задаргааг ил тод мэдээлээгүй нь бодит дүнг нууж байна гэх хардлага төрүүлээд байна.

Харин Венесуэлийн либерал үзэлтэй сөрөг хүчнээс саналын хуудсын 80 хувийг цуглуулж, шалгаж чадсан гэв. Уг дүнд 67 хувийн саналаар сөрөг хүчнээс нэр дэвшсэн Edmundo González Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Энэ тухай resultadosconvzla.com сувагт дэлгэрэнгүй байршуулжээ.

Венесуэлчууд хэрхэн жагсав

Кракас хотын иргэд цонх, хаалганаасаа гал тогооны сав суулга тачигнуулан, гудамжинд эсэргүүцсэн зурагт хуудас барин жагсаж байна. Тэд хотын бараг бүх гэрлийн шонд наасан Мадурогийн зурагт хуудсыг хуулжээ. “Социалист эцэг” гэгддэг талийгаач Уго Чавесын хэд хэдэн хөшөөг нураалаа.

Наймдугаар сарын 4-ны ням гарагт сөрөг хүчний удирдагч María Corina Machado жагсаалд нэгдэж,

“Зургаан өдрийн харгис хэлмэгдүүлэлтийн дараа тэд биднийг дуугүй болгож, айлгаж, сааруулна гэж бодсон. Харин ч бид тэмцлээ үргэлжлүүлнэ” хэмээжээ.

Жагсаал төрийн эрхийг авах хууль бус арга уу

Баривчилсан иргэдийн талаар Николас Мадуро дурдахдаа “Бид төрийн эрхийг хууль бусаар авах оролдлогыг нухчин дарж байна” гэв.

Харин жагсаал, цуглаан хийх эрхийг олон улсын баримт бичгүүдэд тусгасан ба иргэний улс төрийн эрхэд хамаардаг. Иргэдийн жагсаал тайван замаар эхэлсэн ч ширүүсч, хууль, хүчнийхний эсрэг мөргөлдөөн болон хувирсан.

Жагсагчдид эрх баригчдаас айж байгаа ч эрх чөлөөний төлөө дор бүрнээ тэмцсээр байх болно гэдгээ Al Jazeera агентлагийн сурвалжлагчид хэлсэн байна. 

Мадурогийн байр суурь

Николас Мадуро долоодугаар сарын 31-ний байдлаар сэтгүүлчдэд сонгуулийн саналын хуудсуудыг дэлгэхэд бэлэн байна хэмээн мэдэгдсэн ч одоо хүртэл ямар нэг үйлдэл хийгээгүй байна. Харин сонгуулийн дүнд Дээд шүүхээс аудит хийж, өөрийнхөө ялалтын баталгаажуулахыг хүссэн.

Мөн жагсаалыг АНУ-ын дэмжлэгтэй төрийн эргэлт хийх оролдлого хэмээн буруушааж, жагсагчдад "Ямар ч өршөөл үзүүлэхгүй" гэсэн юм.

Дашрамд дурдахад, Венесуэлийн шүүхийн тогтолцоог Мадурогийн Засгийн газраас бүрэн хараат байдаг талаар НҮБ-ын дүгнэлт байдаг.

Венесуэлчүүд зорилгодоо хүрэх үү

Сөрөг хүчний нэр дэвшигч Дипломатч асан 74 настай Эдмундо Гонзалес Уррутиа наймдугаар сарын 7-ны лхагва гарагт Дээд шүүхэд дуудагдсан.

Тэр шүүхийг шударга ажиллана гэдэгт итгэлгүй байгаагаа мэдэгдэж, "Тэдний дуудсанаар шүүхэд очвол өөрийн эрх чөлөө, Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг эрсдэлд оруулах болно” гэжээ.

The Guardian агентлаг Венесуэлийн Засгийн газар жагсаалыг хүчээр дарж, гэмгүй иргэдийг баривчлан өмгөөлөгч авах, ямар хэргээр шалгагдаж байгаа талаар мэдээлэхийг хориглож байгааг мэдээлсэн.

Тэд энэхүү нөхцөл байдлыг “Терроризмын уур амьсгал” хэмээн нэрлэжээ.

Мадурог эсэргүүцсэн жагсаал үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй байна. Хамгийн сүүлд 2019 онд мөн иргэдийн жагсаалыг Засгийн газраас хүчээр дарж байсан ба төдийлөн үр дүнд хүрээгүй юм.

Амьдрал хэр байна

Al Jazeera агентлагийн мэдээлснээр Венесуэлийн ахмад настнууд сард ердөө 3.5 ам.доллартай тэнцэх тэтгэвэр авдаг ба энэ мөнгөөр утсаа цэнэглэж ч хүрдэггүй гэв.

Венесуэлийн иргэд 10-50 долларын дундаж цалингаар 1-3 ам.долларын талх худалдаж авдаг бол АНУ-д 5’000 ам.долларын дундаж цалингаар 2-5 ам.долларын талх авдаг байна. Манай улсын хувьд 500 ам.долларын дундаж цалингаар 0.79 ам.долларын талх авдаг.

Сүүлийн 10 жилд 7.7 сая гаруй Венесуэл иргэн эх орноосоо дүрвэжээ.

Бусад орон Венесуэлийн тухай юу гэв?

Орос болон Хятад улс Мадурог сонгуулийн ялагч болсонд баяр хүргэсэн. Харин барууны ихэнх орнууд санал хураалтын дүнг бүрэн хэмжээгээр гаргахыг уриалж байна.

Итали, Франц, Герман, Испани, Нидерланд, Польш, Португал улс “Венесуэлийн асуудлаар хамтарсан тунхаглал” гаргасан. 

Тунхаглалд  Венесуэлийн эрх баригчдад хандан

  • Сонгуулийн саналын дэлгэрэнгүй мэдээллийг нэн даруй нийтэд дэлгэх
  • Сөрөг хүчнийхний эсрэг аливаа баривчилгаа, заналхийллийг зогсоох
  • Иргэдийн хүсэл зориг, тайван замаар жагсаал цуглаан хийх эрхийг хүндэтгэхийг уриалжээ.

Мөн “Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, Венесуэлийн иргэдийн ардчилал, энх тайвны төлөөх уриалгыг дэмжих болно” гэв.

Монгол Венесуэлийн харилцаа

Манай улсын хувьд Венесуэлтэй 1990 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд одоо үүсэж буй жагсаал, цуглаантай холбоотой ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

2019 онд болсон Венесуэлийн жагсаалийн талаар тухайн үеийн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцож байхдаа

“Өнөөдөр Венесуэлийн ард иргэд өөрсдийн амьдралын хүнд бөгөөд гашуун жишээгээр дэлхийд ямар бодлогыг баримталж болохгүйг харуулж байна” хэмээн байр сууриа илэрхийлж байжээ.

Нийтлэлийг зургаар харах бол энд дарна уу.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe