Түрээслэгч буюу түрээсийн залилангийн өгөөш

Ж.Номин
2024-08-22

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа тул хөдөө орон нутгаас хотод суралцахаар ирсэн оюутан, залуус байр, хажуу өрөө түрээслэх нь ихэсдэг. Үүний зэрэгцээ "байр түрээслүүлнэ" гэх нэрийдлээр залилан үйлдэх гэмт хэрэг нэмэгдэж байна.

Залилах гэмт хэргийг тэргүүлж буй түрээсийн залилан

Сүүлийн гурван жилд цагдаагийн байгууллагад 96,343 гэмт хэрэг бүртгэгдсэнээс залилах гэмт хэрэг 31,382 буюу 32.5%-ийг эзэлж байна. Харин өнгөрсөн 10 жилд орон сууцтай холбоотой залилангийн 44.7 тэрбум төгрөгийн хохиролтой нийт 750 хэрэг бүртгэгдэж байжээ. Гэтэл энэ оны нэгдүгээр улиралд нийт 50.1 тэрбум төгрөгийн хохиролтой 14 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 10 жилийн хохирлоо давсан үзүүлэлт болоод байна. 

2024 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд залилах төрлийн гэмт хэрэг 7000 гаруй бүртгэгдсэнээс 10 хувь нь орон сууц түрээслүүлэх нэрийдлээр үйлдсэн гэмт хэрэг эзэлж баaгаа юм. Иймд иргэд орон сууц түрээслэхдээ гэмт этгээдүүдийн өгөөш болох эрсдэл өндөр байна. 

Залилан мэхлэгчдийн хэрэглэдэг сэнхрүүлэх арга

  • Таалагдахгүй бол өөр байр хай. 
  • Энэ байрыг олон хүн сонирхож байгаа.
  • Түрүүлж урьдчилгаа эсвэл түрээсийн төлбөрөө шилжүүлэх хэрэгтэй. 
  • Яг одоо нэг хүн мөнгөө шилжүүлэх гэж байна. 

Байр түрээслэхэд анхаарах зүйлс

Хэрэв та байр түрээслэхээр хайж байгаа бол дараах зүйлсийг анхаарахад илүүдэхгүй. 

  1. Түрээсийн гэрээ байгуулах

Гэрээ байгуулахдаа: 

  • Түрээсийн болон барьцаа төлбөр хэд байхыг тусгах,
  • Түрээсийн төлбөрийг хэдэн удаа, хэр хэмжээгээр нэмж болохыг харилцан тохиролцож тусгах,
  • Ашиглалтын зардал /дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, СӨХ-ны төлбөр, интернэт, кабелийн төлбөр/ түрээсийн төлбөрт багтах эсэхийг ярилцах,
  • Гэнэтийн осол аваарын улмаас байранд асуудал үүсвэл аль тал нь ямар хариуцлага хүлээж, төлбөрийг хэрхэн гаргахыг тусгах нь зүйтэй.

Гэрээ байгуулахдаа байрны улсын бүртгэлийн гэрчилгээ болон лавлагааг сайтар шалгах хэрэгтэйг анхаарна уу.

  1. Байрны орчин, аюулгүй байдал
  • Тухайн байр даатгалтай эсэх, даатгалд юу юу багтаж байгаа зэргийг лавлах,
  • Интернэт, кабелийн холболт, цахилгаан залгуурын тоо ширхэг болоод хэвийн ажиллагааг шалгах,
  • Байрны цонх, хаалганы бүрэн бүтэн байдлыг шалгах,
  • Мөөгөнцөр, дулаан алдагдалтай эсэхийг шалгах
  • Хэрэв та амьтны харшилтай бол тухайн байранд өмнө нь тэжээвэр амьтан амьдарч байсан эсэхийг лавлах хэрэгтэй.
  1. Түрээслэгчээс асуухад гэмгүй зүйлс
  • Түрээслэх байраа өөрийн хүссэнээр тохижуулж болох эсэхийг зөвлөлдөөрэй. Учир нь дур мэдэн байрны хананд нүх гаргах, тавилгын байрлалыг өөрчлөх зэрэгт түрээслэгч тал дургүйцэж магадгүй юм.
  • Байраа ойрын хугацаанд зарах эсэхийг түрээслүүлэгчээсээ лавлаарай. Байрны эзэд байраа зарах зар тавьсан байгаагаа тэр болгон хэлдэггүй. Хэрвээ байраа зарчихвал түрээслэгчээ гаргахаас өөр аргагүй болно. Тиймээс гэрээндээ хугацаанаас нь өмнө түрээслүүлэгчийн санаачилгаар гарах бол барьцаа төлбөрөө бүгдийг нь буцаан авна гэсэн заалт оруулахыг зөвлөж байна.

Тэнгэрт тулсан түрээсийн байрны үнэ

Түрээсийн байрны үнэ өрөөний сонголт, тавилга, байршил зэргээсээ шалтгаалж өөр өөр байдаг. 

  • Хажуу өрөө болон олуулаа хамт түрээслэх хостел байрны сарын түрээсийн үнэ 200-800 мянган төгрөг,
  • 1 өрөө байрны сарын түрээсийн үнэ 600 мянгаас 3 сая төгрөг,
  • 2 өрөө байрны сарын түрээсийн үнэ 550 мянгаас 8 сая төгрөг хүртэл үнэтэй байна.

Нийтлэлийг зургаар харах бол энд дарна уу.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe