“0” зогсолтоос сэргийлэх Х.Нямбаатарын 10 арга хэмжээ

Н.Саруулдөл
2024-08-28

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан замын хөдөлгөөн нэмэгдэж, олон нийтийн дунд “0” зогсолт болох вий гэсэн яриа гарч байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг хүргэж байна.

Нийтлэлийг зургаар үзээрэй.

1. Орон нутгийн машинаас төлбөр авна

Есдүгээр сарын 1-ээс 

Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс эхний 48 цагт 1000 төгрөг, 48 цагаас хэтэрвэл хоног тутамд 5000 төгрөгийн хураамж авна. Үүний үр дүнд өдөр тутам замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо 5 хувь хүртэл бууруулах боломжтой гэж тооцжээ. 

2. Зарим тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Наймдугаар сарын 27-оос

Татвар, торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоондоо ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. 2024 оны байдлаар улсын хэмжээнд үзлэг оношилгоонд ороогүй 129 мянган тээврийн хэрэгсэл байгаагаас 81961 нь Улаанбаатарын дугаартай, 47968 орон нутгийн дугаартай байна. Үүний үр дүнд өдөр тутам замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо 18 хувь хүртэл буурна гэж тооцсон байна. 

3. Ажлын цагийг уян хатан байдлаар ажиллуулна

Есдүгээр сарын 2-оос

Ажлын цагийг уян хатан болгох талаарх саналыг нийслэлийн төр захиргааны байгууллагууд болон Засгийн газрын харьяа яам, агентлагт хүргүүлнэ. Саналын хүрээнд ажлын цагаа өөрчлөх эсэхийг тухайн байгууллага шийднэ. Үүний үр дүнд замын хөдөлгөөний оргил ачааллыг 10-20% бууруулах боломжтой гэж тооцжээ. 

4. Хичээл эхлэх цагийг зөрүүлнэ

Есдүгээр сарын 2-оос

Гудамж замд ачаалал үзүүлдэг Ерөнхий боловсролын сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлнэ. Мөн 1, 2-р ээлжийн сурагчийн тоог тэнцүүлж, сургуулийн автобус нэмэгдүүлж, чиглэлийг оновчтой болгоно. Үүний хүрээнд тухайн ерөнхий боловсролын сургууль орчмын уулзвар замаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 40 орчим хувиар нэмэгдэнэ.

5. Төрийн машины хэрэглээг багасгана

Наймдугаар сарын 19-ээс есдүгээр сарын 14 хүртэл

Төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна. Үүний үр дүнд өдөр тутам замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоог 0.2 орчим хувиар бууруулах боломжтой гэж тооцжээ. 

6. Бараа түгээлтийг зохицуулна

Наймдугаар сарын 19-ээс есдүгээр сарын 14 хүртэл

Худалдаа үйлчилгээний төвүүдийн бараа түгээлтийг ачааллын бус цагт хийлгэнэ. Тодруулбал, томоохон зах худалдааны төвүүд, хүнс барааны дэлгүүрүүдийн бараа түгээлт, татан авалтыг оргил ачааллын бус цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд, жижиг 8 нэрийн дэлгүүрүүдийг 14:00-18:00 хооронд хийлгэнэ. Үүний үр дүнд замын хөдөлгөөний оргил ачааллыг 10-15% бууруулна гэж тооцжээ. 

7. Автобус нэмэв

Наймдугаар сарын 26-аас 

Дүнжингарав, Хархорин, Нарантуул зэрэг томоохон зах, худалдааны төвүүдийг дайран өнгөрдөг нийтийн тээврийн хэрэгслийн тоог 105-аар нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд замын хөдөлгөөний түгжрэл, ачааллын урт 10-20 хувь буурна гэж тооцов. 

8. Ачааны авто машиныг шалгана

Наймдугаар сарын 19-ээс 

Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны авто машиныг хязгаарлалтай оролцуулах ажлын хяналт шалгалтыг сайжруулж, журам зөрчсөнийг нь хөдөлгөөнд оролцуулахгүй. Үүний үр дүнд хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана гэж үзжээ. 

9. Замын цагдаа нар зохицуулалт хийнэ

Наймдугаар сарын 19-ээс есдүгээр сарын 14 хүртэл

Зах худалдааны төвүүдийн авто зогсоол дүүргэлт дээр хяналт тавиж замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх зохицуулалтыг холбогдох албаныхан хийнэ. Энэ нь замын хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцжээ. 

10. Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлахгүй

Нийслэлийн Засаг даргын наймдугаар сарын 12-ний өдрийн захирамжид тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгой байдлаар ангилан замын хөдөлгөөнд оруулах талаар иргэдээс санал авах талаар тусгажээ. 

Уг саналыг наймдугаар сарын 12-16-ны өдөр зохион байгуулах хуваарьтай байсан. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээснээр улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг цуцалжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe