Орон нутгийн сонгууль ба эмэгтэйчүүдийн төлөөлөл

Ж.Номин
2024-08-30

1990-1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутатаас 9 эмэгтэй депутат байсан бол Улсын Бага Хуралд сонгогдсон 50 гишүүний 2 нь эмэгтэй гишүүн /Ж.Бямбажав,  Э.Алтангэрэл/  байжээ.

Орон нутаг дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 1992 онд батлагдсан. Үүнээс хойш 2019 оныг хүртэлх хугацаанд аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын даргаар эмэгтэй хүн огт сонгогдсон түүх байгаагүй. 

Харин 2020 онд Хэнтий аймгийн ИТХ-ын даргаар Г.Хэрлэнчулуун, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар Ц.Баасансүрэн, 2022 онд Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормаа нар тус, тус томилогдсон юм.

2020-2024 оны НИТХ-д биднийг төлөөлж буй эмэгтэйчүүд

  1. Г.Гангамөрөн - Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын даргаар ажиллаж байсан. Өдгөө Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.
  2. Д.Энхтуяа - НИТХ төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
  3. Ү.Оюунзул - Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын даргаар ажиллаж байсан.
  4. Н.Баярчимэг - Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. Өдгөө Нийслэлийн Засаг даргын Төр хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.
  5. Л.Ариунтуяа - Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байсан.
  6. Б.Мягмар - "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК гүйцэтгэх захирал.
  7. Х.Болормаа - Сүхбаатар дүүргийн засаг дарга, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
  8. Б.Мөнхцэцэг - Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байна. 

2024 оны орон нутгийн сонгуулийн эргэн тойронд 

10 сарын 11-нд болох орон нутгийн сонгуулиар ард түмнийг төлөөлөх 8155 төлөөлөгч сонгогдоно. Тухайлбал хуулийн дагуу :

  • 21 аймгийн ИТХ-д нийт 545 тойрогт 771 мандат
  • Нийслэлийн ИТХ-л нийт 23 тойрогт 45 мандат
  • Сумуудын ИТХ-д нийт 1634 тойрогт 7048 мандат
  • Дүүргүүдийн ИТХ-д нийт 152 тойрогт 291 мандат олгохоор байгаа юм.

Одоогоор нам эвслүүдээс нэр дэвшүүлэх үйл явц үргэлжилж байгаа тул хичнээн эмэгтэй төлөөлөл орон нутгийн сонгуульд өрсөлдөх нь тодорхойгүй байгаа юм. 

Орон нутгийн сонгуульд жендерийн квот хангалтгүй байна

Улс төр дэх жендерийн тэгш оролцоог хангах үүднээс хуульд хэд хэдэн заалт оруулсан байдаг. 

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байдаг бол орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэсэн хуультай. 

УИХ-д 126 гишүүн сонгох ёстой учир ихэнх нам, эвсэл 126 хүн нэр дэвшүүлэхдээ нэр дэвшигчдийн 30-аас дээш хувьд эмэгтэй хүн нэр дэвшүүлсэн. Үүний үр дүнд УИХ-д 32 эмэгтэй гишүүн сонгогдож, нийт гишүүдийн 25.4 хувийг эзэлж байна. 

УИХ-ын 2024 оны сонгуулийг зохион байгуулахын өмнө энэхүү квотыг нэмж байсан нь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд түлхэц болсон.

Тэгвэл орон нутгийн сонгуульд энэхүү квот 20 хувь байгаа нь чамлалттай байна. Учир нь, орон нутгийн сонгуулиар бид 126 биш 8155 төлөөлөгч сонгоно. 

2012, 2016, 2020 оны НИТХ-д сонгогдсон эмэгтэй төлөөллүүдийн тоо нийт төлөөлөгчдийн 13-22  хувийг эзэлж байгаа юм. 

Тиймээс УИХ-д хүйсийн харьцааг 30 хувиас доошгүй гэж заасан шигээ орон нутгийн сонгуулийн хүйсийн харьцааг 20 хувиас 30 хувь болгож нэмэгдүүлэх шаардлагатай байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe