Монгол Улс Путинг баривчлахгүй гэж амласан уу

.Graph
2024-09-02

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар есдүгээр сарын 3-ны өдөр айлчлах гэж байна.

Кремл болон TASS агентлагийн мэдэгдсэнээр Путин, Хүрэлсүх нар Орос, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийг цаашид хөгжүүлэх хэтийн төлвийн талаар ярилцаж, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлаар санал солилцоно гэжээ. Айлчлалын үеэр хоёр тал хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.

Монгол Улс нь Олон улсын эрүүгийн шүүхийн (ICC) гишүүн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хэдийгээр Путин саяхан олон оронд ойр ойрхон айлчилсан ч ICC-ээс Путинг баривчлах тушаал гаргасны дараа Путины айлчлал хийсэн анхны ICC-ийн гишүүн орон нь Монгол Улс болно. ICC нь 2023 оны гуравдугаар сард Путиныг баривчлах тушаал гаргасан билээ.

Ромын гэрээний дагуу ICC-ийн гишүүдийн нутаг дэвсгэрт баривчлах хүн очсон тохиолдолд тухайн муж, улс, гүрэн баривчлах тушаалыг гүйцэтгэнэ. Гэсэн хэдий ч, гэрээнд ICC-ийн гишүүн орнууд тодорхой нөхцлөөр ("зорилтот хүнийг баривчлах нь гуравдагч этгээдийн дипломат халдашгүй эрхийг зөрчих болно" гэх мэт) баривчлах тушаалыг биелүүлэхгүй байх боломжтой гэж заасан байдаг. Олон улсын эрүүгийн шүүх Путиныг "дайны гэмт хэрэг" үйлдсэн, хүүхдүүдийг Украинаас Орос руу хууль бусаар албадан гаргасан гэж буруутгаж байна.

Өнгөрсөн жил Өмнөд Африкт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт, Энэтхэгт болсон “Их 20”-ийн уулзалт, АНУ-д болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт гэх мэт олон улсын чухал хурал, уулзалтад В.В.Путин оролцоогүй нь ийм учиртай. Орос үүнийг эрс үгүйсгэж, баривчлах захирамж гаргасан шүүгч, прокурорын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Украины Гадаад хэргийн яам Монгол Улсад Путинг баривчилж, ICC-д хүлээлгэн өгөхийг хүссэн бол Кремлийн талаас "Хоёр тал айлчлалаа зохих ёсоор зохион байгуулна. Орос, Монгол хоёрын хооронд бүх нарийн ширийн зүйлийг тохиролцсон" гэж мэдэгдсэн. Мөн Монгол Улс баривчлах арга хэмжээ авахгүй гэж амласан гэх мэдээлэл байна.

Путины айлчлалын талаар ICC-ээс "Монгол бол баривчлах үүрэгтэй хэдий ч did not neccesarrily буюу албатай/шаардлагатай биш" хэмээн BBC-д байр сууриа илэрхийлсэн аж. 

Шинжээчдийн хэлж буйгаар Путины айлчлал нь хууль эрх зүйн томоохон үр дагаварт хүргэх магадлал багатай бөгөөд 2015 онд Суданы Ерөнхийлөгч Башир Өмнөд Африкт баривчлагдахгүйгээр айлчилсантай адил Монголд дипломат нөлөө үзүүлэх нь хязгаарлагдмал байна. Путин энэ жил гадаад айлчлалаа эрс нэмэгдүүлж, Азийн түншүүдтэй харилцаагаа бэхжүүлэхээр Хятад зэрэг Азийн олон оронд айлчилж байна. 

Эх сурвалж: LuWang News, WeiBo, WangYi site, Chinese News, NiuDanQin

Бэлтгэсэн: А.Анхчимэг

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe