Путины айлчлалаас дэлхийн хэвлэлүүд юуг онцлов

Ж.Номин
2024-09-03

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2024 оны 9 сарын 3-ны өдөр Монгол Улсад албан ёсоор айлчилж буй. Тэгвэл тус айлчлалтай холбоотойгоор дэлхийн хэвлэлүүдийн онцлох байр суурийг хүргэж байна.

Al jazeer:

-Олон Улсын Эрүүгийн Шүүхээс 2023 онд Путиныг баривчлах шийдвэр гаргаснаас хойш түүний ОУЭШ-ийн гишүүн оронд айлчлах гэж буй анхны тохиолдол нь Монгол Улс.

BBC:

-Украины талаас Путиныг Монгол Улсад айлчлах үеэр баривчлахыг уриаллаа. Харин Кремлийн зүгээс айлчлалд "санаа зоволтгүй" гэж мэдэгдсэн байна. 

AP news:

-Хэрэв Монгол Путиныг баривчлахгүй бол ОУЭШ-ийг зөрчих анхны тохиолдол болохгүй. Учир нь Суданы Ерөнхийлөгч асан Омар аль-Башир 2015 онд тус шүүхийн гишүүн болох Өмнөд Африкт айлчлахад түүнийг баривчлаагүй юм.

Томоохон хэвлэлүүд дээрх агуулга бүхий мэдээллийг нийтэлж байгаа бол бусад хэвлэлүүдээр айлчлалтай холбоотой дараах өнцгийг гаргасан байна. Тухайлбал, Путиныг Монгол Улсад айлчлахаас өмнө:

Kyiv Independent:

-Украины парламентын гишүүдийн зүгээс Монголын парламентийн гишүүдэд захидал илгээжээ. Тус захидалд “Монголын эрх баригчдаас олон улсын баривчлах тушаалыг биелүүлж, ОХУ-ын тэргүүн Владимир Путиныг Гааг дахь ОУЭШ шилжүүлэн өгөхийг уриалж байна" гэж бичжээ. Украины парламентын гишүүн, парламентын гадаад харилцааны бодлогын дарга Олександр Мережко 9-р сарын 2-нд "Путины Монголд хийсэн айлчлал бол сайтар төлөвлөсөн өдөөн хатгалга" гэж мэдэгджээ.

Sky news:

-ОУЭШ-ийн бүх гишүүд баривчлах тогтоол гарсан сэжигтнүүдийг нутаг дэвсгэрт нь хөл тавьсан тохиолдолд албадан саатуулах ёстой. Монгол улс ч ингэх ёстой. Гэвч бодит байдал дээр тус улс эдийн засгийн асар их хамааралтай хүчирхэг хөршийнхөө уур хилэнг өдөөж, эрсдэлд орохыг хүсэхгүй байна. Москватай үүсгэх сөрөг үр дагавар нь Гаагтай үүсгэх үймээн самуунаас илүү дор буюу  Монголд илүү хор хөнөөлтэй байх магадлалтай.

The Diplomat:

-Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал хөрш орнуудтайгаа нягт холбоотой. Монгол Улс нийт нефтийн импортынхоо 95 хувийг ОХУ-аас хангадаг. Хэдийгээр Монгол “Азийн цээжинд ардчиллын гэрэлт цамхаг” хэмээн өөрийгөө таниулж байгаа ч Ромын дүрмийн дагуу В.Путиныг баривчлах үүргээ үл тоомсорлож, оронд нь Оросоос шатахуун нийлүүлж, үндэсний эрх ашигт нийцсэн өөр гэрээ байгуулах бололтой. Энэхүү сонголт нь олон улсын хамтын нийгэмлэгийн урмыг хугалах ч бодит амьдрал дээр “улс үндэстний ашиг сонирхлоо олон улсын үүргээс илүү тавих ёстой” гэдэг. Үүнд эрчим хүчний аюулгүй байдал орно. 

Eunews:

-Европын холбооны зүгээс Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газраар дамжуулан энэхүү айлчлалд санаа зовж буйгаа тодорхой илэрхийлсэн. Гэтэл Орос, Хятад хоёрын дунд шахагдсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "чих дүлийрсэн" мэт байна. Гэрээний дагуу ОУЭШ-ийн гишүүн 124 улс бүгд баривчлах тушаалыг биелүүлэх ёстой. Гэвч Гааг улс орнуудын хамтын ажиллагаанд л найдаж байгаа бөгөөд үүргээ биелүүлээгүй улсад аман хориг арга хэмжээ авахаас өөр хийж чадах зүйлгүй юм.

Харин В.В.Путиныг Монгол Улсад ирсний дараа хэвлэлүүдээр дараах мэдээллийг гаргасан байна. 

BBC:

-Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг баривчлаагүйд Украин эгдүүцэж байна. Путинийг Улаанбаатарт ирсний дараахан Украины ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Георгий Тихий Монголын эрх баригчдыг Оросын ерөнхийлөгчийг олон улсын эрүүгийн шүүхийн тушаалаар баривчлаагүйг буруушаажээ. Тодруулбал, Путинийг заавал баривчлах тушаалыг биелүүлэхгүй байгаа нь Олон улсын эрүүгийн шүүх болон олон улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоонд хүнд цохилт боллоо" гэж Украины ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдэлдээ дурджээ. "Монгол Улс яллагдагчийг шүүхээс мултрах боломжийг олголоо. Ингэснээр түүний дайны гэмт хэргийн хариуцлагыг хуваалцаж байна гэсэн үг. Бид Улаанбаатарт үүний үр дагаврыг тооцохдоо бусад түншүүдтэйгээ хамтран ажиллах болно” гэжээ

The Guardian:

-Монголын Эмнести Интернэшнлийн Гүйцэтгэх захирал Батдоржийн Алтантуяа “Ерөнхийлөгч В.Путин бол шүүхээс зугтсан хүн. Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улс руу хийх айлчлалынх нь үеэр Ерөнхийлөгч Путинийг баривчлаглахгүй байгаа нь Олон улсын эрүүгийн шүүхийн ажлыг сулруулах стратегийн нэг хэсэг гэж үзэх ёстой” гэжээ.

Брюссель хотноо Европын Комисс Монгол Улсыг 2002 онд ОУЭШ-ийн Ромын дүрэмд нэгдэн орохдоо хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалав. Зургадугаар сард гаргасан хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан 94 орны тоонд Монгол Улс багтаж, ОУЭШ-ийг бүрэн дэмжиж байгаагаа мэдэгдэж байв. ОУЭШ-ийн шүүгчдийн нэг нь Монгол Улсын иргэн Дамдины Эрдэнэбалсүрэн билээ. Гэвч Путиныг баривчлах талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, ямар ч албан ёсны хариу ирүүлээгүй харин ч Монгол Улс Путинийг хүндэт харуулын жагсаалаар угтан авлаа.

Сэтгэгдэл үлдээх

Уг нь танайх таалагдах гээд байна. Даанч найруулага болон зөв бичгийн алдаа асар их юм. Ядаж зөв бичгийн алдаануудыг нь засдаг болмоор юм.

Bronze

Дэмжих үү?

0 0

Уг нь танайх таалагдах гээд байна. Даанч найруулга болон зөв бичгийн алдаа асар их юм. Ядаж зөв бичгийн алдаануудыг нь засдаг болмоор юм.

Bronze

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe