Р.Нямдаваа: В.Путины айлчлал хоёр улсын итгэлцэл сайн байгааг харууллаа

Ц.Чимэдцэеэ
2024-09-04

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины энэ удаагийн айлчлал ямар ач холбогдолтой байв?

-Хоёр хөрш буюу ОХУ, БНХАУ-тай тэнцвэртэй харилцах нь “Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байна” гээд бид Монгол Улсын Их Хурлаас баталсан бодлогын баримт бичигтээ тусгачихсан. Үүнийхээ хүрээнд гадаад бодлогоо хэрэгжүүлээд явж байна. Тэр утгаараа мэдээж үр дүнтэй айлчлал.

-Их гүрний удирдагч гэдэг утгаараа Ерөнхийлөгч В.Путин манай улсад хэр давтамжтай айлчилдаг вэ? Хоёр улсын харилцааны онцлог?

-Түүх харахад, манай улсад анх 2000 онд дөнгөж Ерөнхийлөгч болсныхоо дараа ирсэн. Түүнээс хойш 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевтэй хамт Ерөнхий сайдын хувиар ирсэн байдаг. Ингээд тооцох юм бол ОХУ-ын Ерөнхийлөгч гэдэг албан тушаалтан Монголд ирж байгаа 5 дахь тохиолдол. Дөрөв нь В.Путин гэдэг хүн. Нэг нь Д.Медведев гэдэг хүн.

Түүнээс гадна Ерөнхийлөгч В.Путин бол Монгол Улсад ирж байгаа мөн тав дахь тохиолдол. Дөрөв нь Ерөнхийлөгчийн хувиар, нэг нь Ерөнхий сайдын хувиар ирсэн гэж үзэж болно.

Ийнхүү 2009, 2014, 2019, одоо 2024 гээд 5 жилийн давтамжтайгаар Халх голын ялалтын ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилдаг жишиг тогтоод, дөрөв дэх удаагаа явж байна гэсэн үг.

Таван жил тутам гэдэг тоог яагаад онцлоод байна вэ гэхээр XX зууны туршид Монгол Улсын түүх бол ЗХУ-тай шууд утгаараа холбоотой байсан. ЗХУ-ын шууд дэмжлэгээр Монгол Улс тусгаар тогтносон гэж хэлж, томьёолдог хэсэг хүмүүс ч бий.

Ерөнхийдөө XX зууны Монгол Улсын тусгаар тогтнох үйл явц, монголын түүхэнд өрнөсөн Халх голын байлдаан гэдэг юм уу, том, чухал үйл явдлууд тухайн үеийн ЗХУ-тай холбоотой. ЗХУ-ын олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр зөвшөөрөгдсөн шууд залгамжлагч нь ОХУ. 

Тэгэхээр Монгол, Орос хоорондын харилцааг хөгжүүлэх, хоёр талын харилцааны улс төрийн дэмжлэгийг бий болгох гол хөшүүргүүдийн нэг нь түүхэн хүчин зүйлүүд байсаар ирсэн.

Тэр нь Халх голын байлдааны ойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч ирдэг жишиг тогтож байгаагаас харагдаж байгаа.

Айлчлалын давтамжийн хувьд ЗХУ-ын үед хүртэл монгол руу чиглэсэн өндөр, дээд түвшний айлчлал ийм эрчимтэй байгаагүй. Тэр утгаараа энэ айлчлал бол ач холбогдолтой.

Манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болсон улсын удирдагч, Ерөнхийлөгч ирж байна аа гэдэг бол бидний хувьд чухал гэсэн үг.

-Ерөнхийлөгч В.Путинг баривчлах асуудал хурцаар яригдсан. Яагаад энэ сэдэв хөндөгдөв?    

-Өнгөрсөн хавар буюу үндсэндээ жил хагасын өмнө Олон улсын эрүүгийн шүүх Ерөнхийлөгч В.Путин болон ОХУ-ын зарим тодорхой албан тушаалтнуудыг Украины дайны явцад Украинаас зөвшөөрөлгүйгээр зарим хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлсэн гэдэг үндэслэлээр дайны гэмт хэрэгтэн гэж тооцсон.  Энэ бол өөрөө ОУ-ын харилцаанд төдий л байгаагүй практик

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн улсын төрийн тэргүүнийг дайны гэмт хэрэгтэн гэж тооцно гэдэг бол тийм түгээмэл практик биш. Ер нь байгаагүй үзэгдэл.

Үүнээс хойш В.Путин Ерөнхийлөгчийн хувьд цөөнгүй улс оронд айлчилсан. Арабын орнууд, Төв Азийн орнууд, Умард Солонгос, Хятад. Сүүлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Казахстанд очсон гэдэг ч юм уу.

Энэ бүх айлчилсан улс орнуудынх нь аль ч ОУ-ын эрүүгийн шүүх буюу Ромын гэрээний оролцогч талууд байгаагүй.

Дайны гэмт хэрэгтэн гэж тооцогдсоноос хойш анхны айлчилж байгаа Ромын гэрээний оролцогч улс нь Монгол Улс.

Үүнийг хоёр талаас нь хараад байна. Нэг талаасаа хоёр талын итгэлцэл өндөр байгаа юм шиг. Яагаад гэвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд тодорхой сонголтуудыг хийж байгаа. Өнгөрсөн онд Бриксын дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад болсон.

Ерөнхийлөгч Рамафоза бол тэр үедээ бид нар В.Путин Ерөнхийлөгчийг Өмнөд Африкт хөл тавих юм бол баривчлахгүй ээ гэдгээ хэлж байсан. Гэхдээ өөрөө очоогүй.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгын дагуу ирэх сонголтыг хийж байна. Тэгэхээр хоёр талын хооронд улс төрийн итгэлцэл байгаад байгаа юм биш үү гэдэг нэг хүлээлт байгаад байна.

Мэдээж олон улсын харилцаа хоёр талтай. Магадгүй нөгөө талаас нь харах юм бол Ерөнхийлөгч Путины хувьд Монгол Улс өөрийг нь баривчлах улс төрийн шийдвэр гаргах магадлал багатай улс гэж харсан байж магадгүй. Улс төрийн шийдвэр шүү дээ.

-В.Путин энэ хавар БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзсан. Хоёр хөрш маань биднээс тэс өөр замаар явж байгаа. Бидний хувьд хоёр их гүрний дунд жижиг улсын ёсоор айдас, болгоомжлолтой байдаг нь үнэн. Тэгвэл тэд уулзсаны дараа манай улсад айлчилж байгаа нь ямар ач холбогдолтой гэж харж байна вэ?

-Өмнө нь ОХУ, БНХАУ-ын ярьж тохирсон асуудлууд, ОХУ-ын гадаад хэргийн сайд нарын утсаар ярьсан яриатай холбоотой зүйлээр манайхан мэдээж тодорхой хэмжээний мэдээлэл авч байгаа. Тэр мэдээллүүд дунд эерэг зүйлүүд ч харагддаг. Сөрөг зүйлүүд ч харагддаг.

Байгалийн хоолойн асуудал манай нийгмийг их талцуулдаг сэдэв болчих шиг боллоо. Дээрээс нь ШХАБ-д элсэх асуудлаар МУ-д шахалт үзүүлэх ч гэдэг юм уу. Энэ зүйлүүд яригдаж, хөндөгддөг.

Олон улсын харилцааны ерөнхий системийг аваад үзэх юм бол ОХУ, БНХАУ хоёр Америкийн манлайлалтай нэг туйлт дэлхий ертөнцийг солино, хална гэдэг бодлогын байр суурьтай.

Хэдий тийм ч нэг цул гэсэн үг биш. Мэдээж системийн хувьд Монгол Улсын аюулгүй байдлын гадаад орчин гэж юуг хэлээд байна вэ гэдэг чухал. Ер нь ганц Монгол гэлтгүй аливаа улсын аюулгүй байдлын гадаад бодлого хамгийн түрүүнд хөрш зэргэлдээ улс орнуудаас хамаардаг.

Манайх бол дэлхийд байхгүй өвөрмөц байршилтай. Энийг бол бүгдээрээ л ярьдаг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн, цөмийн зэвсэгтэй, өөрөөсөө хэт том хоёр гүрний хавчуулагдаж оршдог. Өөр ямар нэгэн улстай хиллэдэггүй, далайд гарцгүй, ийм өвөрмөц байршилтай улс. 

Орчин цагийн түүхэнд манай гадаад бодлого энэ хоёр хөршөөс хамааралтай байсаар ирсэн.

Бид 10 орчим жилийн турш гурван талт яриа хэлэлцээрийн механизмыг хөгжүүлэхээр тодорхой ахицуудыг гаргаж, байгаа. Энэ жил Астанад гурван талын гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцсон. Түүнээс өмнө жил тутам төрийн тэргүүнүүдийн түвшинд уулзаад явж байна л даа.

Гэхдээ бидний хувьд гурван талт түншлэлээс илүү давсан чухал харилцаа бол ОХУ-тай дангаар харилцах харилцаа, БНХАУ-тай дангаар харилцах харилцаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ялангуяа Монголын асуудлаар хоёр хөршийгөө юм болгон дээр нэгдмэл байгаа гэж харж болохгүй. Яагаад гэвэл түүхээс харахад манай хоёр их гүрний ашиг сонирхол зөрчилдөж, харшилдаж байсан чухал сэдвүүдийн нэг нь Монгол.

-В.Путин ирээд явахаар манай улсын нэг томоохон төсөл гацдаг зэргээр харддаг. Энэ удаагийн айлчлалаар хэлэлцэх асуудал дунд Байгал нуурыг хамгаалахад хамтарч ажиллах талаар хэлэлцэнэ гэж байсан. Энэ нь манай Эгийн голын УЦС-ын төслийг зогсоох зорилготой гэсэн хардлага байна. Үүнийг юу гэж харж байна?

-Үүнийг ОХУ-ын зөв, буруу гэдэг талаас нь яримааргүй байна. Монголын талаас харахад бидний хувьд стратегийн сул талыг үүсгэж байгаа олон хүчин зүйлүүд байгаа. Тэдгээрийн нэг нь эрчим хүчний эх үүсвэрийн хамаарал.

Ямар айхтар эмзэг байж болох вэ гэдгийг бид сүүлийн жил өрнөж буй асуудлаас харж байгаа.

Эрчим хүчний хамаарлаас гарна гэдэг бол бидний ашиг сонирхол.

Нөгөө талаас нь харвал ганц ОХУ гэлтгүй дэлхийн аливаа их гүрэн өөрөөсөө бусад улсыг тодорхой хэмжээний хамааралд барихыг эрмэлзэж байдаг. Ингэхийн тулд авч хэрэгжүүлж байгаа байгаа алхмыг нь бид зөв, буруу, ёс зүйтэй, ёс зүйгүй гэж ярих нь өөрөө хэтэрхий гэх юм уу, тийм болно.

Тийм учраас ОХУ-ын авч хэрэгжүүлдэг алхмууд зөв, буруу гэдэг зүйл ярих нь өөрөө буруу байх.

Орос гэлтгүй бүхий л улс орнуудын ашиг сонирхол бол монгол гэлтгүй бусад бүхий л орнуудад өөрийнхөө нөлөөг хадгалах. Нөлөөг хадгалах нэг арга хэрэгсэл нь эрчим хүчний салбар байхыг үгүйсгэхгүй.

Тэр ч утгаараа хэрэгжих гэж байсан, хэрэгжиж эхэлж байсан олон эрчим хүчний төслүүд гацаж байсан. Гэхдээ үүнийг бид шууд В.Путин ирэхээр болдог, Оросын талаас хамааралтай, Оросын нөлөөтэй гэж хэлэхэд өрөөсгөл. Ямар нэг баримт нотолгоогоор нотлогдож байгаа зүйл биш. 

ОХУ-тай бид сүүлийн жилүүдэд өндөр, дээд түвшинд харилцахдаа эрчим хүчний асуудлаа ярьж байгаа. Одоогоос хоёр сарын л өмнө Астанад хоёр улсын төрийн тэргүүн уулзсан. Тэр уулзалтын үеэр жижиг орны цөмийн цахилгаан станцыг ярьсан.

Монгол Улсад ОХУ-ын санхүүжилттэй цөмийн цахилгаан станц барьж өгөх асуудал.

Үүний шууд шалтгаан, нөхцөлтэй холбогдох нэг зүйл бол өнгөрсөн онд Монгол Улсын гадаад бодлогод гарсан нэг том үр дүн буюу Францын Ерөнхийлөгч Э.Макроны МУ-д хийсэн төрийн айлчлал, түүнээс хэдхэн сарын дараа МУ-ын Ерөнхийлөгчийн Францад хийсэн төрийн айлчлал. Эдгээр айлчлалаар тодорхой ахиц гарсан нь Монгол Улсад уран олборлох асуудал. Цөмийн цахилгаан станцын асуудлыг яриагүй байгаа.

Гэхдээ цөмийн цахилгаан станцын асуудал руу нэг алхам дөхсөн яриа, хэлэлцээнүүдийг бид гуравдагч оронтой хийж эхэлсэн.

ОХУ-ын бодлогыг зарим талаараа “эрчим хүчний геополитик” гэж тодорхойдог тохиолдол хүртэл байдаг. Зөвхөн Монгол гэлтгүй Европын орнуудыг хүртэл эрчим хүчний хувьд өөрөөсөө хамааралтай байлгах зорилготой гэж тодорхойлдог эрдэмтэд бий.

Хэрвээ Монгол Улсад Францын юм уу гуравдагч орнуудын эрчим хүчний төсөл, хөтөлбөр хийгдэж эхлэх юм бол ОХУ-д тодорхой сорилтууд учруулахыг үгүйсгэхгүй.

Энэ нь манай улсын хувьд гадаад бодлогын оновчтой нүүдэл болсон гэсэн үг. Үүн дээр тулгуурлаад, ОХУ-ын хувьд манай улсад цөмийн цахилгаан станцын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай ам гарж байна гэдэг бол бидний хувьд эерэг, нааштай үр дүн.

Ялангуяа цөмийн эрчим хүчний зах зээл бол их өвөрмөц. Дэлхийд ураны нөөцтэй, баялагтай улсууд олон. Гэхдээ цөмийн эрчим хүчний технологийг өндөр, дээд хэмжээнд эзэмшсэн улс орнууд цөөтэй. Тэдгээрийн нэг нь ОХУ, нөгөө нь Франц. Эд нар хоорондоо ашиг сонирхлоо төлөөлж сөргөөлцөлддөг, төсөл, хөтөлбөрүүдээ булаацалддаг хандлагууд байдаг.

Үүнд бидний баримтлах ёстой зарчим бол оросууд бидний төсөл, хөтөлбөрүүдийг гацаагаад, францууд дэмжээд байна. Эсвэл францууд зохиомол зүйл гаргаж ирээд, оросууд л дэмжээд байна гэдэг туйлшралыг харахаас илүүтэйгээр эцсийн дүндээ аль нь Монгол Улсад ашигтай байж болох вэ, аль нь Монгол Улсад аюулгүй байдлын хувьд эрсдэлгүй, оновчтой, зөв шийдэл болох вэ гэдэгт тулгуурлаад, шийдвэрээ гаргах ёстой.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe