Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд өнгөрсөн онд НЗДТГ “Тэнүүн-Огоо” ХХК-тай худалдан авах гэрээг байгуулжээ.
Гэрээний дагуу их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авах болсон байна. Гэвч худалдан авалттай холбоотой асуудал АТГ-т шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн. “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан.
Хохирлыг барагдуулах хүрээнд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас нийт 11.9 тэрбум төгрөгийг хураан авч, 75.3 тэрбум төгрөгийн барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авлаа.
Үүнээс гадна “Skywell” загварын их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 55 ширхэг автобус, цахилгаан цэнэглэх найман төхөөрөмжийг төлбөр барагдуулахаар хураан авсан болохыг нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Хохирлын үлдэгдэл мөнгө 1.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд тус компанийн “Daewoo BS106” маркийн 10 ширхэг автобусыг барьцаалан төлбөр барагдуулахаар хэлцэл хийсэн байна.
Сэтгэгдэл үлдээх