"Парис 2024" паралимпаас онцлох нь

Ц.Чимэдцэеэ
2024-09-09

 “Парис 2024” паралимпын наадам манай улсын хувьд анхны гэх тодотголтой олон амжилт үзүүлсэн түүхэн жил боллоо.

Түүхэн амжилттай жил

“Парис 2024” паралимпын наадамд манай улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин оролцсон. Ийнхүү нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэнээр түүхэн амжилт тогтоов. Наадмыг 12 өдрийн турш “Central” телевизээр шууд дамжууллаа. Манай улс 168 орноос медалийн тоогоор 57-рт эрэмбэлэгдэж байна.

Манай улсын паралимпын амжилтууд

  • "Бээжин 2008": Нэг алт
  • "Рио 2016": Хоёр хүрэл
  • "Токио 2020": Нэг алт
  • "Парис 2024": Нэг алт, гурван мөнгө

Нийтлэлийг зургаар харах бол энд дарна уу.

У.Сүрэнжав

Энэ наадмын медалийн буухиаг алтан медалиар эхлүүлсэн. Монголын паралимпын медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болов. Мөн паралимпын тав дахь медаль, гурав дахь алтыг авчиржээ. Түүний медалийг Холливудын од Жэки Чан гардуулав. У.Сүрэнжав спортын гараагаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумынх нь дунд сургуулийн таеквондогийн клубээс эхлүүлжээ.

Э.Содномпилжээ

Энэ жил хүртэл паралимпын рекордыг 245 кг-ын амжилтаар эзэмшиж байв. Мөн гурван олимп дараалан, иж бүрэн медаль хүртсэн Монгол Улсын анхны тамирчин боллоо.

  • "Рио 2016" паралимпын наадмаас хүрэл медаль
  • “Токио 2020” паралимпын наадмаас алтан медаль
  • “Парис-2024” мөнгөн медаль

Х.Номуун

Анх удаа Монголоос паралимпын усанд сэлэлтийн төрөлд оролцох эрх  авч, 50 болон 100 метрийн зайд уралдсан. Тэр 18 настай манай улсаас оролцсон тамирчдын бүх цаг үеийн хамгийн залуу нь.  Араар сэлэх тэмцээнд нэг минут, 55 секунд, 58 доль хугацаанд бариандаа орж, улсынхаа болон хувийн амжилтаа шинэчилжээ. Х.Номуун дээрх сэлэлтээр зургаадугаар байранд орж, сүүл мушгисан ч наадмын үзэгчид түүнд баяр хүргэн, хүндэтгэл үзүүлж байв.

Улсынхаа нэрийг паралимпын тавцанд гаргасан тамирчдад ямар шагнал олгох вэ?

Сар бүр:

  • алтан медаль хүртсэн тамирчинд 4,000,000 төгрөг
  • мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3,000,000 төгрөг
  • хүрэл медаль хүртсэн тамирчинд 2,000,000 төгрөг
  • Дээрх мөнгөн урамшууллыг дараа оны төсвийн жилийн эхнээс эхэлж олгодог.

Нэг удаад:

  • алтан медаль хүртсэн тамирчинд 120 сая төгрөг
  • мөнгөн  медаль хүртсэн тамирчинд 60 сая төгрөг
  • хүрэл  медаль хүртсэн тамирчинд 30 сая төгрөг
  • дасгалжуулагчдад медаль хүртсэн тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно.

(Олон улсын олимпийн хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам)

Медаль хүртсэн тамирчдыг хэн хэн урамшуулав

Паралимпын аварга Ч.Сүрэнжавд “Акуа гарден”-аас 2 өрөө байр, Наран Авто Худалдааны хамт олны зүгээс авто машин, УИХ-ын гишүүн Г.Очирбат хоёр өрөө байр өгөхөө мэдэгдсэн. Мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэд найзууд нь шагналын тавцан дээрх агшинг нь урлан бэлэглэжээ.

Допингийн асуудал

Манай 12 тамирчны нэгээс есдүгээр сарын 5-ны өдөр допинг илэрч, тэмцээнээс хасагдсан тухай Eguur.mn сайт мэдээлсэн. Central телевизээс тус тамирчныг бэртлийн улмаас оролцоогүй хэмээн есдүгээр сарын 7-ны өдөр шууд дамжуулалтын үеэр дурдаж байв. Харин “Парис 2024” паралимпын албан ёсны сайтаас тухайн тамирчны мэдээллийг хасаагүй ба эсрэг талын буюу Италийн тамирчинд ялалтыг өгчээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe