Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Япон улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи нар Токио хотноо /2026 оны есдүгээр сарын 29/ албан ёсны хэлэлцээр хийлээ. Хэлэлцээрийн хүрээнд Сангийн сайд З.Мэндсайхан Япон улсаас Монгол Улсад үзүүлэх 158 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл олгох гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ холбогдох байнгын хороодоор дэмжигдсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар орж, парламент ёсчлон батлах үлдлээ.
Төгрөгөөр бол 3.4 их наяд төгрөгийн зээлээр манай улс Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийг барих юм. Тус зээл нь Япон улсаас манай улсад олгож буй сүүлийн хөнгөлөлттэй зээл аж.
*Зээлийн нөхцөл
Зээл нь 40 жилийн хугацаатай, 1.1 хувийн хүүтэй. Эхний 10 жилд зээл төлөхгүй бөгөөд 11 дэх жилээс зээлийн эргэн төлөлтийг хийхээр хэлэлцээрт тусгажээ. Онгоцны буудлын өргөтгөлийг Япончууд өөрсдөө барихаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, тэд техник, тоног төхөөрөмж, барилга угсралтыг өөрсдөө хийж гүйцэтгэхээ илэрхийлсэн гэсэн үг. Харин манай талаас уг ажилд нь монгол компани, ажилтныг шалгаруулах тухай саналыг илэрхийлсэн байна.
*Өргөтгөл барьснаар гарах өөрчлөлт
Одоогийн байдлаар Чингис хаан олон улсын нисэх буудал нь жилд 1.6 сая зорчигч хүлээн авдаг байна. Өргөтгөл ашиглалтад орсноор 5.4 сая болж нэмэгдэх тооцоо гарсан. Мөн өргөтгөлийн хүрээнд 9 gate буюу онгоцонд суух хаалгыг нэмж барьснаар, олон онгоц хүлээн авч, нисэх боломж бүрдэх нь ээ. Тус өргөтгөлийг 2033 онд ашиглалтад оруулахаар тооцжээ.
Чингис хаан ОУНБ нь одоогийн байдлаар 6 суух хаалгатай бөгөөд өргөтгөл нь одоогийн нисэх буудлаасаа ч том, бараг 3 дахин их зорчигч хүлээн авах чадалтай байх нь.
*Том амбиц
Нисэх онгоцны буудал ийнхүү томорсноор манай улсын агаарын тээврийн амбиц ч мөн томорно. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс Чингис хаан ОУНБ-ыг Евроазийг холбосон логистикийн төв болгох тухай амбицаа илэрхийлжээ.
Энгийнээр тайлбарлавал, манай улс одоо транзит нислэг үйлддэггүй. Улаанбаатараас Бээжин, эсвэл Улаанбаатараас-Токио зэргээр нислэг үйлддэг. Харин үүнийг Японтой зөвшилцөж, онгоцны буудлыг транзит нислэг үйлдэх боломжтой болгосноор Япон-Монгол-Герман гэдэг чиглэл ч үүсэж болохоор.
*Буянт-Ухааг жинхнээсээ ашиглана
Мөн шинэ онгоцны буудал ашиглалтад орсон цагаас хойш хуучин нисэх буудал болох Буянт-Ухаа нисэх онгоцны буудлыг орон нутгийн нислэгт зориулж ашиглах талаар яригдаж байна. Энэ яриа ажил хэрэг болдоггүй байсан нь Япон улстай холбоотой. Манай Засгийн газраас Буянт-Ухааг энэ чиглэлээр ашиглана гэдэг шийдвэр гарсан ч Япон улстай өмнө нь байгуулсан гэрээний дагуу энэ нь нэг талын шийдвэрээр шууд хэрэгжих боломжгүй юм. Тиймээс энэ шийдвэр Япон улстай зөвшилцлийн хүрээнд үргэлжилж байна. Хэрвээ монголын талын тавьсан хүсэлт эцэслэгдэн шийдэгдэх юм бол Оюу толгойн нислэгүүд болон орон нутгийн нислэгүүд Буян-Ухаагаас нисдэг болох юм.
*Хурдны зам нэмж барина
Өргөтгөлийг барьж, зорчигчдын тоо нэмэгдсэнээр хурдны замын ачаалал нэмэгдэнэ. Тиймээс өргөтгөлийн төслийг дагалдуулан хурдны замыг барина. Ингэхдээ одоогийн хурдны замаас тусдаа трассаар явах бөгөөд өргөтгөлийн төслөөс тусдаа хөрөнгө, мөнгөөр хэрэгжүүлэх ажээ. Мөн техникийн болон нарийн мэргэжлээс бусад ажилд монгол компани, монгол мэргэжилтнүүдийг ажиллуулахаар хэлэлцээрт тусгасан байна.
Сэтгэгдэл үлдээх