Дагаж улс төр хийж байсан Ардчилсан нам МАН-ын тэмцэлд сөрж орж эхлэв. Уг нь шинэ бүлгийн дарга Б.Түвшин бид тэдний зодоонд оролцохгүй зураг, зодоон хоёрыг зайнаас ажиглана гэж байсан юм сан. Тэссэнгүй нь бололтой. Тэд яг тэссэнгүй юу, эсвэл гадны нөлөөтэй юу гэдгийг хэсэгхэн өнгөрөх хугацаа нотлоод өгнө. Өөрсдийнх нь ярьж байгаагаар бол үнэхээр тэвчээр алдаад бүгдийг нь шалгуулъя гэсэн. Шаардлагыг нь хүлээж авахгүй бол бүр гудамд гарч тэмцэл хийх юм байх. Өөрсдөдөө оноо нэмж, эрх баригчдыг айлгах гэж байгаад хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн байгаа олон нийт дунд дүрэлзсэн гал тавьчихгүй л бол жаахан асаад өгөхөд яах вэ дээ. Угаасаа л иргэдийн сөрөг хүчнээс хүсэж байсан л араншин юм чинь. Гэхдээ энэ бүхний эхлэл Канадаас тавигдсан гэдгийг бид үргэлж санаж байх хэрэгтэй. Хотын дарга асан Х.Нямбаатар тэнд оччихсон ёстой л нэг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна. Сошиалд хэвлэсэн хэдэн зураг гаргаж тавьж байгаад хүссэн хүнээ авлигач, хулгайч болгож тоглоод хэсэг хугацааг үдлээ. Тэр байгаагүй бол Ардчилсан нам нөгөө нэг Засгийн газрыг огцруулах бичгээ ярьсаар л явж байж мэднэ шүү. Тэд сэдэв гаргаж ирсэн Х.Нямбаатар “бро”-доо баярлаж байгаа байлгүй. Х.Нямбаатарын зорилго анхнаасаа л Ерөнхийлөгч байсан гэдгийг өмнө нь бичиж байсан. Энд байгаа хэд нь Ерөнхийлөгчтэй арсалдах гэхээр хэцүү учраас тэндээс эндхийн хэдийнхээ хүслийг гүйцээж байгаа биз. Хуулийн хүн тэр их хүмүүсийн нэр усыг оруулж ярихдаа их л бодолтой байгаа байлгүй гэж найдах юм. Даан ч үзүүлж байгаа зүйлээс нь харахаар нэг л явцгүй. Бас ам нь халаад өөрийгөө гөрчих вий гэж их л санаа зовох юм. Тэгвэл ч ёстой баларна шүү. Төлөвлөж байсан бүх улс төрөөс эхлээд цуглуулж авсан хэдэн дэмжигчдээ алдана, энд байгаа хэдийнхээ илдийн үзүүр нь ч байхаа болино.
Ерөнхийлөгч рүү чиглэсэн нь хоёр талтай байж болох юм...
Ерөнхийлөгчтэй ярилцах хэрэг байна аа гээд байгаагаа илэрхийлж байгаа нэг хэлбэр. Хэрвээ миний шаардлагыг хүлээж авахгүй бол би таныг үргэлжлүүлэн янз бүрийн хэрэгт хутгасаар байх болно гэдэг ч юм уу. Цаад шалтаг нь аврал л эрээд байгаа байх. Харин Ерөнхийлөгч тоохгүй болохоор нь боож үхэх гээд байж магад. Х.Нямбаатарын яриад байгаа зүйл үнэн байж ч магадгүй. Эд чинь нэгэн цагт хамтдаа нэг завинд сууж явсан ахан дүүс шүү дээ. Одоо л нэгнийгээ үзэж чадахаа байчхаад байгаа болохоос биш. Хоёр дахь шалтгаан нь өөрийнх нь буруу илрэх гээд байхаар өөрөөсөө анхаарлыг зайлуулаад байж магад. Өөрөө л Канад руу сурах гэж явсан гэж яриад байгаа болохоос биш хуулийн байгууллагаас зугтаад л явсан шүү дээ. Хотын дарга байх үедээ М.Даваадалайгаар Хятадын компани руу 500 тэрбум төгрөг шилжүүлсэн хэрэг нь шалгагдаад явж байгаа гэж АТГ-ын ажилтан нотолсон. Бүр яллагдагчаар ч татах тогтоол нь гарчхаад хүлээж байгаа. Ичсэн хүн хүн алдаг шиг мань хүнд одоо юу ч наалдахаа байж галзууртлаа лайвдаад ч хамаагүй амиа авч үлдэх сонголт л байгаа юм шиг. Нэг талд зогсож байсан Хотын дарга асан Д.Сумъяабазарыгаа хүртэл гүтгэж нөгөөх нь ахын дүү бага эндүүрээрэй гэж хариулж байх жишээтэй. Улайм цаймдаа гарсан хүн л гэм, хоргүй явсан нэгийгээ гөрөх дээрээ тулдаг гэдгийн нэг жишээ нь энэ юм.
Монголд байсан ч гудамжаар явж хэрүүл хийнэ, гадаадад байсан ч нийгмийн сүлжээнд бөөн хэрүүл тарина. Бүгд л “Ядраадээшүү” дарга минь. Ирээд шалгуулах хүмүүсээ шалгуулаад, өөрөө ч бас шалгуулаад эртхэн цэгцдээ орвол яадаг юм бэ дээ. Ингэж явж байгаад хэзээ ч ирж чадахааргүй болж Ч.Сайханбилэг шиг улс төрийн хар нүхэнд үүрд гацах вий.
Сэтгэгдэл үлдээх