Шууд цохиод авч байсан үеэ бодвол МАН-ын тэмцэл харьцангуй намжиж нэгнийгээ ажигласан байрлал руу шилжив. Нийлж, нэгдвэл ямар аюултай нам бэ гэдгийг төсвийн санал хураалтаар харсан байх. 10 их наядаар тэлсэн төсвийг аятайхан дэмжээд гаргасан. 30-ийн тал авах гэсэн зүйлээ авч чадаагүй ч аминаас холуур өнгөрсөн юм болов уу даа. Аа бас ардуур нь хэдэн сайд нааш, цааш болгох тохироогоо ч хийгээд амжсан юм шиг байна. Аль сар гаруйн өмнө л Т.Аубакирыг яамаа орхихоор болсон талаар бичиж байсан. Цаг нь болж гэмгүй сайхан нөхөрлөдөг Х.Ганхуяг найздаа тамгаа өгөх нь.
Т.Аубакир яамаа Х.Ганхуягт өгч Ц.Идэрбатын яамыг авна...
Засгийн бүрэлдэхүүнд багтахгүй л бол байж ядаад байдаг. Эсвэл Засгийн бүрэлдэхүүнд багтаахгүй л бол өр нь цайрч өгдөггүй хэдэн хүн байдаг юм шиг. Тэдний нэг нь Х.Ганхуяг. Т.Аубакирыг орлож Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болох бэлтгэлээ ер нь базаачихсан гэнэ. Сарын өмнө түүнийг хоёр дахь удаагаа хүн орлож очиж байгаа тухай бичиж байлаа. Удаад байсан шалтгаан нь нэг сайдыг биш хэд хэдэн сайдыг хөдөлгөх яриа явагдаж байсанд байж. Х.Ганхуяг, Т.Аубакир хоёр бол үй зайгүй найзууд учраас хоргүй тамгаа өгөөд, авалцчих байх. Яамыг нь өгчихөөр цөөнхийн төлөөлөл Т.Аубакирыг яах юм гэдэг асуудал гарч ирнэ. Тэгсэн тэнд ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын ээлжээ өгөх хугацаа болсныг анзаарч л дээ. Ингээд Ц.Идэрбатыг засгийн бүрэлдэхүүнээс гаргаж Т.Аубакирыг ХХААХҮ-ийн сайдаар тавиад 30-ийн талын нэг квот дээр О.Номинчимэг орж ирэх тухай яригджээ.
Ч.Номин явж О.Номинчимэг ирнэ...
Одоогийн Засгийн газарт Ерөнхий сайдаасаа урт настай сайдууд хэд бий. Шаацан гадас шиг хөдөлж өгдөггүй. Тэдний нэг нь Ч.Номин. 2021 оноос засгийн газрын гишүүн болж одоог хүртэл тасралтгүй таван жил ажиллаж байна. Гурав дахь Ерөнхий сайдынхаа танхимд багтаж байгаа гээд л. Тогтож өгдөггүй засагт тогтвортой оршсоор ирсэн хэдийн нэг. Үнэхээр ажлаа сайн хийдэг учраас үе үеийн Ерөнхий сайд нь авч үлдээд байдаг юм болов уу. Эсвэл эрх барьж байгаа МАН-ыг маш сайн тэжээсний гавьяагаа эдлээд байдаг юм уу бүү мэд. Их л удлаа. Харин одоо явах цаг нь болсон бололтой. Түүний оронд О.Номинчимэгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад томилохоор ярьж байгаа гэв. Г.Занданшатарыг дагаж улс төрд орсон гэгддэг О.Номинчимэг Г.Занданшатараас зам салж Х.Нямбаатарыг дагах болсноор хотын орлогч хүртэл хийж явсан. Одоо УИХ дахь “МАН-ын 30” фракцдаа нэр хүнд гайгүй яваа хүмүүсийн нэг. Сайдын орон тоо гарахаар л түүний нэр гарч ирээд байдаг нь ч тийм учиртай. Ч.Номин Монгол Улсыг 6.5 тэрбум төгрөгийн өрөнд оруулчхаад засгаас гай тарин гарч байгаа бол О.Номинчимэг фракцдаа үнэнч байсныхаа гавьяаг хүртэж орох нь.
Батлан хамгаалахын сайдын эзгүй суудлыг Б.Энхбаяр бөглөнө...
“Бодь” группээс 110 сая ам.доллар авсан, аваагүй гэж яригдаад байгаа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр сайдуудыг зангиддаг ажлаа өгөх нь ээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд үнэнч байсан урмыг нь бодоод хоосон буцаалгүй Батлан хамгаалах яамыг хариуцуулахаар болж. 30-ийн талаас бол түүнийг улс төрөөс бүр мөсөн арчих сонирхолтой байгаа. Гэхдээ Н.Учрал болон У.Хүрэлсүх нар түүнийг одоогийн улс төрд одоохондоо хэрэг болно гэж үзэж байгаа юм шиг байна. Оргүй хоосон хаячихсангүй. Б.Энхбаяр явснаар онгойсон албан тушаал болох ЗГХЭГ-ын дарга хэн ирэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хэд хэдэн хүмүүсийн нэр таамаг төдий явж байх шиг. Гэхдээ тэдэн дундаас Ж.Энхбаяр хамгийн өндөр магадлалтай гэв. Өнгөрсөн долоо хоногт Эдийн засаг, хөгжлийн яамыг нь Б.Чойжилсүрэн бараг авахаар болчих шиг болсон. Тийм учраас мань хүнд дараагийн очих газар хэрэгтэй. Ерөнхийлөгчид санаатай байгаа түүний эгог ингэж тэжээхгүй бол болохгүй. Хэрвээ Ж.Энхбаяр ЗГХЭГ-ын даргаар ирвэл Ерөнхийлөгчийн сонгуулиас хол байх сонголтыг хийж байна гэж ойлгож болно.
Томилгоо ингэж хийгдсэнээр тэдний хуваагдал дууссан гэж ойлгож болохгүй. Тэмцэл үргэлжилсээр л байх болно. Энэ удаагийн томилгоо зүгээр л хоёр талын эрх ашгийг хангах, хэт холдчихгүй гэсэндээ л хийж байгаа зохион байгуулалт. Удахгүй улс төр улам ширүүсэж бид өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй улс төрөө үзэж ч магадгүй юм.
Сэтгэгдэл үлдээх