Хятадын Хөл бөмбөгийн холбоо /CFA/ тохиролцооны тоглолт хийсэн гэх үндэслэлээр 43 хүний хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг бүх насаар нь хасах шийдвэр гаргажээ. Тэдний дунд Хятадын шигшээ багт тоглож байсан гурван тамирчин, ДАШТ-д оролцсон Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин Сон Жүн Хо нар байсан аж.
Эдгээр 43 хүний ихэнх нь хөлбөмбөгчид бөгөөд дотоодын тэмцээн уралдааны үеэр тоглолт наймаалцсан хэргийг шалгах хоёр жил үргэлжилсэн мөрдөн байцаалтын явцад нийт 128 хүн хэрэгт холбогдсон гэж Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас мэдээлжээ. Энэ мэдээ 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Хятад, Саудын Арабын шигшээ багууд тоглохоос хэдхэн цагийн өмнө, Хятадын баг Японы шигшээд 7:0-ийн харьцаагаар хожигдсоноос хойш долоо хоногийн дараа гарсан байна.
Бээжингийн засаг захиргаа сүүлийн жилүүдэд Хятадын спорт, тэр дундаа хөл бөмбөгийн салбар дахь авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж, олон дээд албан тушаалтныг шоронд хорьсон юм байна.
Ши Жиньпин өөрийгөө хөл бөмбөгийн хорхойтон гэж тодорхойлдог бөгөөд эх орондоо ДАШТ-ийг зохион байгуулж, шигшээ багаа түрүүлэхийг харахыг мөрөөддөг хэмээн ярьж байжээ.
Эх сурвалж: Global Times
Сэтгэгдэл үлдээх