Өнөө өглөө буюу 9 сарын 11-ний 07:00 цагийн орчимд Хотын дарга Х.Нямбаатар өөрийн фейсбүүк хуудсаараа “Улаанбаатар хотын замын шинэчлэлийн ажлуудыг бүхэлд нь зогсоох эсэх асуудлаар санал асуулга явуулна” гэх утгатай лайв хийсэн. Уг лайвын үеэр Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга болон УИХ-ын дарга асан З.Энхболд нартай холбоотой хэд хэдэн ноцтой мэдээллийг ярилаа.
Хотын дарга Х.Нямбаатар “Сүүлийн үед “Женко” Х.Баттулгын хамаарал бүхий 30 гаруй хүн НИТХ-д дэвшиж байгаа. Туслах, жолоочоос нь эхлүүлээд ах, эгчийнх нь хүүхдүүд, шантааж хийдэг лайвчид гээд эдгээр дэвшиж буй хүмүүс хоёр зүйлээр нийслэлийн удирдлагын багийг харлуулах ажил хийж байна. Нэг нь “бродюрын мафи”, нөгөөх нь “Дунд голыг баллачихлаа” гэсэн хоёр зүйлээр харлуулна гээд самбар дээр зураад төлөвлөгөө гаргаж байгаа сурагтай.
Женко Х.Баттулга, З.Энхболдын бригад өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд бусдыг харлуулан, хий сэдэв босгож, иргэдийн толгойг эргүүлэх ажлыг маш сайн хийсэн баг. Энэ хүмүүсийн хийсэн маш олон балаг байгаа. Женко, З.Энхболд нар нийлж 2008 онд хийх гэж байсан Гашуунсухайт-Ганц модны төмөр замын хил холболтыг зогсоосон. Үр дүнд нь монголчууд 100 гаруй их наяд төгрөг олох боломжоо алдсан. Төмөр замаар энэ 16 жилийн хугацаанд нүүрсээ тээвэрлэсэн бол монголчуудын амьдрал одоогийнхоосоо нэг дахин илүү болох байсан. Та бүхэнд сануулахад гялгар уутанд элс хийж байгаад тэрийгээ цоолж “Монголын баялаг ингээд гоожоод алга болно” гэж ярьж байсан. Үр ашгийг нь мэдээж энэ хоёр хүн хүртсэн. З.Энхболдын хамаарал бүхий нүүрс олборлолтын “Хишиг арвин” гэх компани хөлжиж, түүнийг дагасан тээврийн компаниуд цэцэглэсэн.
Түүнчлэн ажил хийж байгаа хүмүүсийг харлуулдаг механизмыг бий болгосон. Х.Тэмүүжин гэж манай улсын шилдэг хуульчийн нэгийг “нялх амраг”-тай болгож, ажлаас нь чөлөөлүүлж, харлуулах процесс явуулж байсан. УИХ-ын гишүүн байсан М.Батчимэг гэж мундаг боловсролтой эмэгтэйг Тайванийн тагнуул болгож, өнөөдөр энэ хүн хорвоог орхисон байна. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсныг тангаргийн буг болгож, харлуулан муулж байсан бөгөөд энэ хүн ч хорвоогоос явсан байна. Дандаа худлаа ярьж, бүх ажлыг гацаадаг. Гадаадын хөрөнгө оруулагчдад 100 жилээр газар олгох хуулийг анх З.Энхболд батлуулсан. Сүүлд Ч.Хүрэлбаатар батлуулсан болгож гүтгээд дайрсаар байгаад иргэдийн толгойг эргүүлсэн. Одоо энэ бродюрийн асуудал дээр маш том баг ажиллуулж байгаа сурагтай. Үүр шөнөөр З.Энхболд чулуун бродюрийг хагалж, цохиод зургийг нь аваад явж байгаа сурагтай.
Х.Баттулга “Майдар сити” рүүгээ Эрдэнэтээс хулгайлсан мөнгөөрөө засмал зам татсан. Энийг АТГ шалгахгүй байна. Бүх хүнд хууль үйлчилмээр байна, АТГ-ын дарга, Ерөнхий прокурор оо! Өөрийн хувийн эдлэн болох “13-р зуун цогцолбор” руу Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзоригтой хамтарч, Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдээр үнэ төлбөргүй зам тавиулсан. Би зөвхөн наад захын хулгайг нь ярьж байгаа шүү. Хөгжлийн банкны зээлээр “Шинэ Яармаг” гэж хороолол бариад, өөрөө шүүхтэй ярьж байгаад шүүхийн шийдвэр гаргуулаад, өрөндөө баахан балгаснууд Хөгжлийн банканд өгөөд хаалгачихсан. З.Энхболд Хөгжлийн банк, ЖДҮ-с зээл аваад төлөөгүй. З.Энхболд монголын нийгэмд өдөр бүр “токсик” уур амьсгал бүрдүүлээд явж байгаа “хөгийн хулгайч” байгаа юм. Энэ хүмүүс гаднын тавиул, туршуул маягаар монголд ажилладаг гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүнийхээ хувьд хариуцлагатайгаар хэлье. Тиймээс энэ хүмүүсийн яриад байгаа бродюрийн асуудлыг АТГ, Үндэсний аудитын газарт шалгуулна” гэв.
Ташрамд, нийслэлийн хэмжээнд энэ онд 87 байршилд 162.3 км авто зам шинэчлэхээр төлөвлөснөөс одоогоор 27 ажил бүрэн дууссан. Ийнхүү Хотын дарга Х.Нямбаатар “Авто зам шинэчлэлийн ажлыг зогсоож, хуулийн байгууллагад шалгуулах эсэх талаар санал асуулга явуулна” гэсэн тул НЗДТГ-ын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч эхэлжээ. Иймд иргэд https://vote.ulaanbaatar.mn/home холбоосоор санал асуулгад оролцох боломжтой аж.
Хотын даргын мэдээллийн дараа З.Энхболд өөрийн "Х" хаягаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрбээр "Хотын дарга Х.Нямбаатар гэдэг нөхөр намайг гүтгэжээ. Би Өвөрхангай аймгийн Баруун баян улаан суманд мод зүлэг тарьж долоо хоносон. Нарийнтээл, Уянга сумаар ороод, одоо харих гэж байна. Уянга сумын эрх чөлөөний хөшөөний хажууд байна. Хуучин бичлэг байна, худлаа яриад байна гэж хэлж магад гээд та бүхэнд харуулж байна. Яаж ч гүтгэдэг тул энд цэцэрлэгийн хүүхдүүд Эрх чөлөөний хөшөөнд зураг авхуулах гэж иржээ. Би энд долоо хонож байгаа хүн яаж алх бариад, Улаанбаатарын замын хаалтыг хагалах вэ дээ" гэв. Тэрээр хотын дарга Х.Нямбаатараас уучлал гуйхыг шаардаж, эс бөгөөс цагдаад хандана. "Би алх бариад замын хаалт эвдлээ гэхэд монголын ард түмэн итгэхгүй" гэв.
Сэтгэгдэл үлдээх