Олимп, паралимпын наадамд медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн дээд шагнал гардууллаа

Ж.Номин
2024-09-12

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Парис-2024 олимп, паралимпын наадамд медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч, төрийн дээд шагнал гардуулж байна. Тодруулбал, Паралимпын анхны эмэгтэй аварга У.Сүрэнжавт "Хөдөлмөрийн баатар" цол олгосон бол Паралимпын мөнгөн медальт, МУГТ Г.Болор-Эрдэнэ болон Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээг "Сүхбаатарын одон" -оор шагналаа. Харин "Парис-2024" зуны XXXIII олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Ази тивийн болон дэлхийн аварга Б.Баасанхүү, Паралимпын мөнгөн медальт ОУХМ Ц.Баттулга нарт Монгол Улсын Гавьяат Тамирчин цол олголоо. Мөн Паралимпын усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун "Алтангадас одон" хүртэв.

Түүнчлэн Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэсэн билээ. Ийнхүү алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгох аж. 

Ташрамд, Парисын тэнгэрт улсынхаа алтан соёмбот далбаагаа мандуулсан тамирчид болон тэдний багш, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолыг МҮОХ-ноос өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм байна.  

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe