Их Британийн батлан хамгаалах яамнаас гаргасан судалгаагаар Чарльз хааны торгон цэргийн ёслолын малгайны зардал жилээс жилд өсөж байгаа аж. Хар баавгайн үсээр хийдэг энэхүү сүрлэг малгайн өртөг сүүлийн нэг жилийн дотор 30 хувиар өсөж, 2,000 фунт стерлинг ($2,600) хүрсэн байна.
Peta (The People for the Ethical Treatment of Animals) байгууллага торгон цэргийн малгайд баавгайн үс ашигладаг уламжлалыг олон жилийн турш шүүмжилсээр ирсэн бөгөөд Британийн батлан хамгаалах яам дээрх мэдээллийг гаргасныхаа дараа “Хэрвээ шаардлага хангаж байвал бид хиймэл үслэг эдлэлийг нэвтрүүлэх боломжийг судлахад нээлттэй” гэж мэдэгджээ.
Малгайн өртөг өссөн шалтгааныг тус яам баавгайн үсийг Канадаас захиалж авдагтай холбон тайлбарласан байна. 2022 оноос 2023 оны хооронд торгон цэргийн ёслолын малгай нэг бүрийн өртөг 1,560 фунт стерлингээс 2,040 фунт болж өсжээ. Сүүлийн арван жилийн хугацаанд үүнд зарцуулсан мөнгөний хэмжээ нэг сая фунт стерлингийг давсан байна.
Peta байгууллагын тэргүүн Элиса Аллен “агнасан зэрлэг амьтны үсэнд татвар төлөгчдийн мөнгийг үрэхээ зогсоож, хиймэл үс ашигладаг болох хэрэгтэй” гэж батлан хамгаалах яаманд уриалжээ.
Батлан хамгаалах яам 2022 онд 13, 2023 онд 24 ширхэг шинэ малгайг Чарльз хааны торгон цэргийн хэрэгцээнд худалдан авсан байна. Баавгайн арьс удаан эдэлгээтэй, мөн торгон цэргийн сүр жавхааг сайн илтгэдэг гэж энэ уламжлалыг хамгаалагчид тайлбарладаг.
Сэтгэгдэл үлдээх