“Сити” их сургуулийн харьяа Гоо сайхны ухааны сургуулийн дэргэд Монголын хамгийн анхны залгамал, хиймэл эд эрхтний протезын лаборатори нээгдсэн байна.
2017 оноос лабораторийн судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлж өчигдөр буюу есдүгээр сарын 16-нд нээлтээ хийжээ. Лабораторийн тоног төхөөрөмж хамгийн сүүлийн үеийн 3D технологи бөгөөд хүний эд эрхтэнг сканердаж, 3D принтерээр хэвлэн бэлдцээ гаргаж, Герман технологиор элдэж хийдэг аж. Тус лаборатори үйлдвэрийн патентаа 20 жилийн хугацаатай авсан байна.
Протезыг тухайн хүний арьсны өнгөн дээр 7-8 өнгийг хольж, судасны өнгө, хурууны өндөгний улаан өнгө, алганы үндсэн суурь өнгө зэргээр гаргадаг байна. Мөн силикон болон акрилик хумсыг шигтгэдэг учраас эмэгтэйчүүд хумсаа будуулах, гоо зүйн талаас нь арчлах боломжтой байдлаар хийжээ. Түүнчлэн хурууны үеүдэд төмөр хийдэг учир базах, барих гэх мэт хөдөлгөөн хийх боломжтойг онцолсон байна. Одоогоор тус лабораторид хамгийн сүүлийн үеийн технологиор хүний хуруу, гар, хөл, чих, хамар зэрэг эд эрхтнийг түлхүү хийж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх