Ямар гоё бродюртай юм бэ

.Graph
2024-09-23

Улаанбаатар хот жилд дунджаар 15-16 км авто зам засан, шинэчилдэг. Энэ жилд 87 байршлын 162,3 км авто зам шинэчлэхээр төлөвлөсөн. Авто замын засвар, шинэчлэлийн хүрээнд замын хашлага буюу бетонон бродюрыг байгалийн чулуун бродюраар сольж байгаа юм. Одоогоор 30 байршлын 40,27 км авто замыг шинэчилж дууссан бөгөөд 11 сар хүртэл үлдсэн 60 орчим байршлын авто замыг шинэчлэх аж. 1 км автозамд 1 м урттай 2000 ширхэг боржин хашлага ордог байна. 

Нийтлэлийг зургаар үзээрэй.

Бродюранд стандарт гэж байна уу?

  • Авто замын салбарт 226 стандарт мөрдөгддөг.
  • Харин бродюрын хувьд “Авто замын бетон болон төмөрбетон хашлага” MNS 0842:2006 стандартыг мөрддөг байна. Уг стандартыг шинэчлэхээр ажиллаж байгаа гэх.
  • Барилга хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байхаар тусгасан.
  • Энэ стандартын дагуу хуучин бродюр дээр авто замыг асфальтаар хучихад бродюрын өндөр 7-8 см болдог байна.
  • Тиймээс авто зам засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхдээ стандартад нийцүүлж бродюрыг сольж байгааг албаныхан онцолж буй.

Бродюрын үнэ хэдтэй байна?

  • Unegui.mn сайтад бидний хуучин хэрэглэж байсан дотоодын үйлдвэрийн бетонон бродюр 1 ширхэг нь 3,300-15,000 төгрөгийн үнэтэй байна. 
  • Харин шинээр тавьж буй байгалийн чулуун бродюр нь бетонон бродюраас 2-3 дахин үнэтэй аж. 
  • БНХАУ-аас импотроор 1 кг бродюрыг 0.58 юаниар худалдан авдаг гэнэ. 
  • Тэгэхээр 1 ширхэг бродюр 130 кг жинтэй гэхээр 178 юань буюу 36,946 төгрөг болно. 
  • Үүн дээр 30 хувийн татвар болох 20,900 төгрөг, Замын-Үүд-Улаанбаатар хот хүртэлх тээврийн зардал зэрэг нэмэгдээд Улаанбаатар хотод ирэх 1 бродюрын үнэ 87 мянган төгрөг болох аж. 

Шинэ, хуучин бродюранд ялгаа байна уу?

  • Байгалийн чулуун бродюр нь бетонон бродюраас илүү үнэтэй.
  • Гэхдээ байгалийн чулуун бродюр нь 30-50 жилийн насжилт, эдэлгээтэй аж.
  • Харин бетонон бродюр дунджаар 14 жилийн насжилттай. 
  • Өвөл цас орохоор зам дээр цацдаг давс, бодисны нөлөөгөөр бетонон бродюр хурдан элэгдэж, 4 жил тутам солих шаардлага гардаг байна. 

Бродюрын ард мафи байна гэнэ үү?

Ergelt.mn сайтын "Эрэн сурвалжлах нэгдэл"-ээс уг асуудлаар цуврал нийтлэл бэлтгэжээ. Тодруулбал, 

  • Нийслэлийн алдарт уяач Ж.Энхжаргал, түүний гэргий Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч асан Н.Оюунгэрэл нарын хүүхдүүдийнх нь 3 компани энэ жил авто зам засаж, шинэчлэх тендерийн 9-г нь авчээ.
  • Тус компаниуд нь “Квадровэй” ХХК, “Грэйт роуд” ХХК, “Экспресс зам” ХХК зэрэг аж. 
  • Дээрх 3 компаниас гадна өөр хэд хэдэн ижил үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг гэр бүлээрээ эзэмшдэг болохыг эрэн сурвалжлах нийтлэлдээ дурдсан байна. 
  • Түүнчлэн Нийслэлийн алдарт уяач Ж.Энхжаргалын охин Ганчимэг нь “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. 
  • Саяхан болсон хэвлэлийн хурлын үеэр “бордюрын мафи гэж доромжлоод байгаа нь таалагдахгүй байна” гэж уурлаж байсан “Ди Вэй Кэй Би” ХХК-ийн захирал Д.Даваацэрэн болон эхнэр Ч.Алтантунгаа нарын хамаарал бүхий компаниуд авто зам засварлах, бродюр солих, зураг төсөл гаргах 11 тендерт ялж, 10 тэрбум 985 сая төгрөг авсан гэх мэдээлэл ч дурдагджээ.  

Бродюр тойрсон драма

  • 2024 оны 9 сарын 10-нд Монголын авто замчдын холбоо болон Замчин залуучуудын холбооноос хэвлэлийн хурал хийж, “Замчдын ажлыг улстөржүүлэхээ болимоор байна. Монгол хүн дээлээ солихдоо эмжээрээ сольдог шиг замаа засахдаа бордюроо заавал солих ёстой” гэв. 
  • Хотын дарга Х.Нямбаатар 9 сарын 11-нд өөрийн фейсбүүк хуудсаараа лайв хийн “УИХ-ын дарга асан З.Энхболд шөнөөр явж боржин чулуун хашлагуудыг хагалан, зургийг нь авч байна” гэж мэдэгдсэн.  
  • Ийнхүү “Улаанбаатар хотын зам засварын ажлуудыг бүхэлд нь зогсоож, Үндэсний аудитын байгууллага болон АТГ-аас зам засвар, шинэчлэлийн болон бродюрын төсөв зах зээлийн бодит ханштай нийцэж байгаа эсэх, Төрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа үйл явц хуульд нийцэж байгаа эсэх талаар санал асуулга явуулна” гэсэн юм.  
  • Гэвч өдгөө ulaanbaatar.mn дээр байршуулсан санал асуулгаа зогсоож, устгасан байна. 
  • Харин З.Энхболдын зүгээс Хотын даргыг өөрийнх нь нэр хүндэд халдсан хэргээр ЦЕГ-д өгөөд байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe