Б.Баатар найруулагч урлагийн тогоонд бус улс төрийн тогоонд уран найруулга хийдгээрээ алдартай. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах тэрбээр түүнийг Ерөнхий сайд байх үед ард нь байж, албан бусаар Ерөнхий сайдын ажлыг хийдэг байсан гэх яриа бий. Л.Оюун-Эрдэнийн үед юу хүссэнээ хийж явсан түүнийг Засгийн газар нь унахтай зэрэгцэн шалгаж эхэлсэн. Түүнийг хэрхэн шалгаж, өнөөдөр хорьсон талаар цаг хугацааны дарааллаар хүргэе.
2025 оны долдугаар сарын 24
Анх түүнийг 2025 оны долдугаар сард Б.Баатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн.
Учир нь, тэр үед Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унаж, түүний хүү О.Тэмүүлэн орлогоо нотлох ёстой болсон. О.Тэмүүлэн нь Хүлэг контент ХХК-ийг Б.Баатартай хамт эзэмшдэг байсан бөгөөд компанийн орлогоос ач дүүдээ өгсөн хэмээн тухайн үед мэдээлж байв.
2026 оны гуравдугаар сарын 12
Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд байхдаа Лхагвын тойм нэвтрүүлэгт оролцохдоо ноцтой мэдэгдэл хийв.
“Л.Оюун-Эрдэнэ Гэрэгэ тауэрын 14 давхрыг дээрэмдэхийн тулд Хишигбаяр гэх залууг хориод, эхнэрт нь давхар хэрэг үүсгэсэн. Эхнэр нь МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн Нандин-Эрдэнэ гэх эмэгтэй юм билээ” хэмээх мэдэгдэл хийсэн. Энэ хэрэг явсаар шүүхэд очсон юм.
2026 оны гуравдугаар сарын 23
Б.Энхсайд сайдын мэдэгдэлд нэр дурдагдсан Б.Хишигбаяр мэдээлэл хийв.
Тэрээр “Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын эзэмшлийн “Херо” энтертайнмент компанид 1 сая ам.доллароор худалдах гэрээ хийж, Гэрэгэ тауэрын 14 давхарт оруулж байсан. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд ямар ч төлбөр хийгээгүй. Тэр хугацаанд нь төлбөр мөнгөө хийхийг олон удаа шаардаж, холбогдох бичгийг хүртэл удаа дараа өгч байлаа. Энэ бүхэн баримттай бас гэрчтэй. Жишээлбэл нэг удаа Баянгол зочид буудлын нэг давхрын фитнес зааланд Б.Баатартай төлбөрийн талаар очиж уулзах үед намайг “ална шүү бацаан минь, аятайхан байгаарай” гэж заналхийлж байсан. Үндсэндээ энэ хүмүүс эрх мэдлээрээ бусдыг айлгаж ирсэн хүмүүс юм байна гэдгийг би ойлгосон. 2025 оны нэгдүгээр сард надад хэрэг тохож 19 хоног цагдан хориулж 14 давхрыг үнэ төлбөргүй шилжүүлж авсан. Ямар ч мөнгө төлөөгүй. Би тухайн үед энэ бол дээрэм гэдгийг нь хэлэх үед ичсэндээ 1.5 тэрбум төгрөгийг манай компанийн данс руу хийсэн байсан. Энэ асуудлаас болж намайг барьцаалж, чимээгүй байлгах гэж маш олон аргаар үзсэн” гэсэн юм.
2026 оны дөрөвдүгээр сарын 7
Б.Баатарыг тагнуулын хэргээр шалгаж байна гэх мэдээлэл гарав.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Б.Баатарыг Тагнуулын ерөнхий газраас Үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн зүйл ангиар шалгаж байна гэх мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл дараа нь шүүхийн тоймоор үгүйсгэгдсэн билээ.
2026 оны есдүгээр сарын 25
Б.Баатарын шалгагдаж буй зүйл анги албан ёсоор ил болов.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Б.Баатарт хилийн хориг тавьсан. Энэхүү шийдвэрийн тоймыг мэдээлэхдээ Б.Баатар нь “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдсон хэмээн мэдээлсэн.
Олон нийтэд ил болсон мэдээллээр бол П.Хишигбаярын эзэмшлийн Гэрэгэ тауэрын 14 давхрыг залилан авсан гэх хэрэг болж таарч байгаа юм.
2026 оны аравдугаар сарын 1
Хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргав.
Түүнд хилийн хориг тавьсан шүүхэд хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй.
2026 оны аравдугаар сар 2
Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шүүхээр хэлэлцэж, тэрээр шүүгчээсээ татгалзсанаар хуралдаан хойшиллоо.
Хүн залилсан гэдэг нь П.Хишигбаяр гэх хүний мэдээлэл. Харин мөнгө угаасан хэрэг нь Монгол хаан жүжигтэй нь холбоотой. Энэ талаар тус жүжгийн Гүйцэтгэх продюсер А.Баярцэцэг "Б.Баатар найруулагчийг Соёлын яамнаас 20 сая ам.доллар авч, гадаадын компанийг хөлсөлж аваад "Монгол хаан" жүжгийг Лондонд тавьсан" хэмээн буруутгаж, мөнгө угаасан хэргээр шалгаж байгаа" хэмээн мэдэгдсэн.
Түүнчлэн автомашинтай жагсаалд оролцсон нэгэн жагсагч Б.Баатарын найруулсан Тамгагүй төр жүжгийн малгайг өмссөн. Үүнийг олон нийтийн сүлжээнд энэ малгайг өмссөнөөр эзнээ барьж өглөө гэхчлэн бичиж байсан юм. Тэгвэл зарим хэвлэл Б.Баатарыг жагсаал зохион байгуулсан учраас цагдан хорихоор боллоо гэж мэдээлж байна. Үнэн хэрэгтээ, жагсаал Б.Баатарыг хорьсонтой огтхон ч хамаагүй. Түүнийг хүн залилж, мөнгө угаасан учраас шүүж буй билээ.
Сэтгэгдэл үлдээх