Дэлхийн 100 гаруй орны батлан хамгаалах салбарын бүх түвшний төлөөлөл оролцсон “Бээжин Шяншань форум”-ыг 11 дэх жилдээ БНХАУ-д зохион байгууллаа. Энэ удаагийн форум өнгөрсөн долоо хоногт “Энх тайвныг хамтдаа байгуулж, ирээдүйгээ хуваалцъя” уриа дор болов.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт бусад орны төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны санал солилцсон.
Ийнхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Руслан Фатихович Жаксылыковто хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Тухайлбал, тус улсад цэргийн нисгэгч, холбооны инженер зэрэг чиглэлээр бакалавр, магистрын түвшинд боловсон хүчин бэлтгэх, БНКУ-д Монгол Улсыг төлөөлөх цэргийн атташе суулгах, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулахаар харилцан тохиролцож, ажлын хэсэг байгуулан ажлаа эрчимжүүлэхээр боллоо.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайдын орлогч, Үндэсний Батлан хамгаалах сайд, генерал Жансамон Жаняаладтай батлан хамгаалахын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт харилцан дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тус улсад боловсон хүчин бэлтгэхээр тохиров.
Мөн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Батлан хамгаалахын сайд, генерал Фан Ван Зиангтай цэргийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр харилцан мах, цагаан будаа нийлүүлэх, машин, техник хэрэгслийг засварлах, харилцан туршлага судлах, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааны өргөн хүрээнд санал солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирлоо.
Сэтгэгдэл үлдээх