НДЗШШ: Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааны тов гараагүй байна

Ц.Чимэдцэеэ
2024-09-23

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Анхан шатны шүүхээс Н.Өнөрцэцэгт холбогдох 5 гэмт хэрэгт 4.9 жилийн хорих ял оноосон. Өмгөөлөгчдийн хувьд тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, наймдугаар сарын 19-нд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Мөн анхан шатны шүүх хуралд өмгөөлөгч оролцоогүй нь шүүгдэгчийн эрхийг зөрчсөн хэмээн үзэж байгаа аж.

Анхан шатны шүүхээс өмгөөлөгч “Б.Баатарсайханаас ирүүлсэн хүсэлтэд дурдсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан хойшилсон бол шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хойшлуулж, тухайн өдрөө дараагийн шүүх хуралдааны товыг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийхээр зарласан бөгөөд өмгөөлөгчийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан хурал нь уг хурлаас хойш зарлагдсан хурал байсан ба өмгөөлөгч О.Батсүх нь ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлэлгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн болно” хэмээн мэдэгдэж байсан юм.

Давж заалдах шатны шүүхээс тодруулахад, тус хэргийг есдүгээр сарын 20-ны өдөр хүлээж авсан ба шүүх хуралдааны тов гараагүй хэмээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүх хэрэг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүх хуралдааныг товлох ёстой. Шаардлагатай тохиолдолд тус хугацааг 30 хоног сунгах боломжтой байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг давж заалдах шатны шүүх хуралд 5 өмгөөлөгчтэй оролцохыг тус хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe