Их, дээд сургуулиудыг оюутнуудад чөлөө олгож, сонгох эрхийг нь хангахыг зөвлөлөө

.Graph
2024-09-25

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очиртой өнөөдөр (2024.09.25) уулзаж байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа багш нарын нийгмийн баталгааг хангах, санал авах байр бэлтгэх, оюутнуудын сонгох эрхийг хангах чиглэлээр мэдээлэл солилцлоо.

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдын 50 шахам хувь нь сургууль, цэцэрлэгийн ажилтан, багш  байдаг. Тэднийг сонгуулийн байгууллагад ажиллах хугацаанд ажлын байрыг нь хадгалах, үндсэн болон нэмэгдэл цалинг бүтэн олгох болон Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд сонгуулийн байгууллагад ажилласан байдлыг тусгаж дүгнэх зэрэг нийгмийн баталгааг хангахыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга онцлов. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллахаар сургалтад хамрагдаж, гэрчилгээ авч, томилогдсон багш нарыг ажиллах боломжоор хангахаа Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир илэрхийлээд хичээлийн цагийн харгалзан ажлын хуваарийг зохион байгуулахыг сонгуулийн хороодод уламжлахыг хүслээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тохионо. Сургууль, цэцэрлэгийн байрыг санал авах байр болгон тохижуулахад сургалтын үйл ажиллагааг алдагдуулахгүй байх хуваарь гаргах талаар ярилцаж сонгуулийн хороод болон сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад нэгдсэн чиглэл өгөхөөр болов.

Тухайн байгууллагын удирдлага сонгогчдод чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүргийг хуульчилсан. Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар суралцаж буй оюутнуудын сонгох эрхийг хангах талаар санал солилцсон юм. Улмаар оюутнууд сонгох эрхээ эдлэхээр чөлөө хүсвэл олгох талаар их, дээд сургуулийн удирдлагуудад нэгдсэн мэдээлэл, зөвлөмж өгөх талаар санал нэгдлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Боловсролын сайд П.Наранбаяртай энэ асуудлаар өмнө уулзаж, ярилцсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe