Хорт хавдраа даван туулж чадсан Б.Батхишиг дэлхийн найм дахь оргилд гарсан анхны Монгол эмэгтэй боллоо

Ж.Номин
2024-09-27

Гималайн нурууны ноён оргилуудын нэг, дэлхийн найм дахь ноён оргил буюу ДТД  8163 м өндөр Манаслу оргилд амжилттай гарсан Монголын анхны эмэгтэй Б.Батхишиг боллоо. Тэрбээр 2023 оны 10 сард хөхний хорт хавдар өвчнөөр оношлогдож, тус оны 12 сард хорт хавдрын хагалгаанд орсон байна. Ийнхүү хавдар хэмээх аюулт өвчнийг даван туулагчдын эгнээнд багтаад байна. 

Б.Батхишиг амжилттай оргилдсоныхоо дараа “Оргил дээр гараад далбайгаа мандуулах гоё байсан. Надад итгэсэн олон хүний итгэлийг алдахгүй оргилд гарч чадсандаа баяртай байна. Хавдар гэх өвчнийг даван туулсны дараа энэ оргилд гарах амаргүй, бас хүнд байлаа. Хүн өөрөө өөртэйгөө л өрсөлдөж, тэмцэх хэрэгтэй гэж би боддог. Энэ хүрэх зам тийм ч амар байгаагүй. Өөртэйгөө их тэмцэж, тайвшруулж, бясалгасан. Дандаа огцом өндөр авалт, буулт хийлээ. Огцом өндөр авалтууд нь их хүнд. Жаахан ч гэсэн алсуур явалт байхгүй. Би олон жилийн нойргүйдлээс улбаатай хөхний хорт хавдраар оношлогдсон. Хоёр жил өвдсөн болохоор оргил руу хүрэх аяллаас илүү замын зардал, хувцас, хэрэглэл, шерфаны мөнгө гээд зардлаа олох аялал маань илүү хүнд байсан даа. Хөхний хорт хавдрыг даван туулсны дараа том хайрханд гарах шийдвэрийг гаргахад минь тусалсан гэр бүлийнхэндээ талархъя. Хүн хүсэж, хөдөлмөрлөж чадвал ямар ч нөхцөлд амжилтад хүрч чадна гэдгийг би өөрийн биеэр туулж, харуулахыг зорьсон. Түүндээ ч хүрлээ. Спортоор хичээллэснээр аливаа зүйлийг даван туулах чадвар, сэтгэлийн тэнхээтэй болсон. Хөдөлмөрлөсөн, спортоор хичээллэсэн хүн аливаа өвчний ард сайн гарч, амжилтад хүрч чаддаг юм байна" хэмээсэн байна.

Б.Батхишиг өмнө нь 2023 оны 5 сард Эверестийн хос оргил, дэлхийн дөрөв дэх дээвэр Лхоце оргилд бас авирч байсан аж. Лхоце оргил нь 8516 м өндөр оргил юм. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe