Манай улсын Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы хүрээнд зохион байгуулагдсан хэвлэл мэдээллийн салбарын хараат бус байдлын асуудлаарх салбар хэлэлцүүлэгт оролцов.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган АНУ-ын Нью Йорк хотноо болж өндөрлөөд байна. Энэ жилийн Ерөнхий санал шүүмжлэл “Хэнийг ч үл орхигдуулах: Одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм.
Мөн арга хэмжээний хүрээнд тогтвортой хөгжил, засаглалын асуудлаар олон салбар хуралдаан зохион байгуулагдсаны нэг нь ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хангахад хэвлэл мэдээллийн салбарын ач холбогдлыг хэлэлцүүлсэн явдал байлаа. Нийтийн эрх ашгийн төлөөх олон улсын сангийн (IFPIM) зохион байгуулсан энэхүү уулзалтад манай байгууллагын үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо оролцож, Монголын хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж байгаа сорилт болон дэвшилтэт талуудыг хуваалцлаа.
Нийтийн эрх ашгийн төлөөх олон улсын сан нь хөгжлийн санхүүжилтээс хэвлэл мэдээллийн салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, дэлхий нийтээр хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготойгоор 2021 оны Нобелийн энх тайвны шагналт Мариа Ресса, CNN Worldwide-ийн ТУЗ-ийн дарга Сир.Марк Томпсон болон олон улсын хэвлэл мэдээллийн салбарын нөлөө бүхий эрхмүүдийн санаачилгаар байгуулагдсан юм.
Тус сан эхний гурван жилдээ хэвлэл мэдээллийн салбарт зориулж 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилго дэвшүүлж, энэ зорилгодоо амжилттай хүрсэн бол хөгжлийнхөө дараагийн үе шатанд 150 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж, дэлхийн 50 орны 300 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагад дэмжлэг үзүүлэхээр зорьж байна. Энэхүү арга хэмжээнд Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн төлөөлөл оролцож, Монгол Улсын онцлогийг хуваалцсан нь дотоодын олон хэвлэл мэдээллийн байгууллагад хөгжлийн шинэ гарц нээх ач холбогдолтой чухал үйл явдал боллоо.
Сэтгэгдэл үлдээх