Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

Ж.Номин
2024-09-30

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлжээ. 

Цар тахлаас эхлэн геополитикийн хурцадмал байдлаар даамжирсан эдийн засгийн хүндрэлийг Монгол Улс амжилттай даван туулж, санхүүгийн зах зээл, эдийн засаг сэргээд буй. Тиймээс энэхүү сэргэлтийг цаашид буюу дунд хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэхээр 2025 оны Үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна. 

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2025 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСӨЛД ЮУ ТУСГАВ? 

Нэг. Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд: 

1.1.  Эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг дунд хугацаанд 5 хувийн (+/-2 нэгж хувийн интервалтай) орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ инфляцын зорилтыг 2027 оноос 5 хувь болгон бууруулна.

1.2. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох зарчмыг баримтална.

1.3. Макро зохистой бодлогын шийдвэр гаргалтын болон үйл ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэн санхүүгийн системийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.

Хоёр: Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд:

2.1. Банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтын орчныг бүрдүүлнэ.

2.2. Банкнуудын зохистой засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, хяналт шалгалтын үнэлгээний аргачлалыг олон улсын жишигт үе шаттайгаар нийцүүлнэ.

2.3. Банкны салбарын тогтвортой, ногоон санхүүжилтийн мэдээлэл цуглуулах тогтолцоог бэхжүүлж, уур амьсгалын эрсдэлийн шинжилгээ, стресс тестийн арга зүйг хөгжүүлнэ.

2.4. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны техник хэрэгжилт, үр дүнтэй байдлын дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэж, шууд хэрэгжилтийн үзүүлэлтийн дагуу өөрийгөө үнэлэх болон үндэсний, салбарын эрсдэлийн үнэлгээг эхлүүлнэ.

Гурав: Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд:

3.1. Төлбөрийн систем болон зээлийн мэдээллийн шинэ үйлчилгээг дэмжиж, цаг үедээ нийцсэн хяналт зохицуулалтын уялдааг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

3.2. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх суурь нөхцөлийг бүрдүүлэн дотоодын мөнгөний захыг хөгжүүлнэ. 

3.3. Олон нийтийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратегийг хэрэгжүүлж, төв банкны бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэж ажиллана.

3.4. Жижиг, дунд бизнесийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог олон улсын сайн жишигт нийцүүлэх ажлыг эхлүүлнэ.

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, их сургуулиудын багш, судлаачид, эдийн засагчдын дунд олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe