Хүүхдийн эрхийн төлөө уриатай child.mn сайт “мэндэллээ”

.Graph
2024-10-01

Гэрэл зургийг Д.Занданбат

“Хүүхдийн төлөө мэдээлнэ” уриан дор мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэх “child.mn” сайтын үйл ажиллагаа өнөөдөр эхэлжээ. 

Тус сайтын редакцын бодлого нь 100 хувь хүүхдийн сайн сайхны төлөө, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн гэдгээрээ онцлог аж. Сайт нь нийгэмд хүүхдийн дуу хоолой, хүсэл мөрөөдөл, зөв үлгэр дуурайлал бүхнийг тодоор хүргэж, эерэг мэдээллийн давлагаа үүсгэхээс гадна, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр зоригтой дуугарч, хүчтэй шүгэл үлээгч байх болно гэсэн байна. Энэ хүрээнд мэдээ, ярилцлага, сурвалжилга зэрэг сэтгүүл зүйн бичлэгийн олон төрлөөр видео болон бичвэр хосолсон контентуудыг уншигч, үзэгч та бүхэнд хүргэх гэнэ. 

Монголын хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар манай улсад 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр мэдээллийн хэрэгслийн тоо тасралтгүй өсөж байгаа ч нэг сэдвээр дагнан мэргэших, илүү судалгаатай, далайцтай бүтээл гаргах нь редакцуудын хувьд шинэ сорилт болоод байна. Ялангуяа, хүүхдийн төлөө сурвалжлахдаа, тэдний эрхийг зөрчихгүй байх, мэдрэмжтэй мэдээлэх нь хамгийн чухал. Тиймээс хамгийн отгон редакц child.mn хүний эрхийн чиглэлээр мэргэшиж буй, хүүхдийн эрхийн чиглэлээр ажиллаж ирсэн, туршлагатай багийг бүрдүүлжээ.

Child.mn сайтыг манай Graph.mn сайтын Ерөнхий редактороор ажиллаж байсан А.Уянга үүсгэн байгуулж, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Түүний хувьд 2022 онд “Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр Төв” НҮТББ-аас хэрэгжүүлсэн “Урагш Алхъя” төсөлд шалгарч, “Охидын подкаст” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд өсвөр насны охидын эрхийг хамгаалах сэдвээр контент, нийгэмд чиглэсэн нөлөөллийн ажил өрнүүлж ирсэн нь өдгөө Child.mn сайтыг үүсгэн байгуулах их аяллын гараа болжээ.

Тэрээр “Хүчирхийлэл, амиа хорлолт зэрэг эрсдэлээс зөвхөн охидыг л чанартай мэдээллээр дамжуулан сэргийлэх нь “Охидын Подкаст”-ын гол зорилго байсан. Одоо энэ зорилго минь улам томорч, хүүхдийн эрхээр мэргэшсэн сэтгүүлчидтэй, эрэн сурвалжилга нь өөрчлөлтийг авчрах хүчтэй, санаачилсан уриалга, аянаар дамжуулан хүүхдийн эрхийн нөхцөл байдал сайжирдаг тийм чадварлаг редакцыг байгуулах болж солигдсон” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe