Энэ оны зургаадугаар сард болсон Мексикийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Клаудиа Шэйнбаум тангаргаа өргөлөө.
Мексик Улсын хувьд түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж буй нь энэ бөгөөд өдгөө 62 настай тэрбээр 58.8 хувийн санал авснаар ялалт байгуулж байв.
Тэрбээр тангараг өргөхдөө "Хэзээ нэгэн цагт хүйсээс үл хамааран өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө хүрэх зорилготой олон эмэгтэйн дэмжлэгээр энэ суудалд гарч ирлээ" гэсэн юм.
Мексик Улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон нь "Мачо" соёлоороо алдартай, дэлхийн хоёр дахь том католик шашинтай улсын хувьд томоохон шинэчлэл болно гэж үзэж байгаа юм.
Түүний хувьд бензин, хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулах, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд бэлэн мөнгө тараах хөтөлбөрийг өргөжүүлэх, бизнесийн хөрөнгө оруулалт, орон сууц, зорчигч тээврийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжих зэрэг олон амлалтыг өгсөн байна.
Сэтгэгдэл үлдээх