Ногоон нуурт баригдаж буй 1008 айлын орон сууцанд газраа чөлөөлсөн иргэдийг оруулна

Ж.Номин
2024-10-02

Ногоон нуур орчимд БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барьж байгаа бөгөөд тус орон сууц удахгүй ашиглалтад орох юм. Тэгвэл уг орон сууцыг Ногоон нуур, Дэнжийн мянга, МҮОНРТ орчмын гэр хороололд амьдарч буй 1008 айлд тааруулан хашаа байшинг нь орон сууцаар солих хэлэлцээр хийх аж. 

Хотын дарга Х.Нямбаатар “Иргэдийн хашаа байшинг орон сууцаар солих хэлэлцээр хийх эрх үүсэж байгаа. Удахгүй айл өрхүүдэд батламж болон хэлэлцээр хийх саналуудаа хүргүүлнэ. Бид баригдсан орон сууцнаас өөрийн хашаа байшингийн үнэлгээнд таарсан 1-3 өрөө байрнаас сонгож авах эрхийг батламжилж байгаа гэсэн үг. Тухайн иргэний хашаа байшинг хөндлөнгөөс үнэлүүлнэ. Улмаар орон сууцанд орох эрхийн батламжийг өгнө” гэв. 

Түүнчлэн "20-минутын хот" концепцын хүрээнд орон сууцны ойролцоо сургууль, цэцэрлэгийг барих аж. Барилгын нүүрэн талд авто засвар, худалдааны төвүүд байгааг чөлөөлөх ажлыг Нийслэлээс хариуцан явуулах юм.

Ийнхүү Ногоон нуур, Дэнжийн мянга, МҮОНРТ орчмын газраа чөлөөлж байранд орох айлуудын газрыг барилгын компаниудын дунд арилжааны дуудлага худалдаа хэлбэрээр олгох аж. Ингэснээр барилгын компаниуд дур мэдэн хаа хамаагүй барилга, орон сууц барихгүй, нийслэлээс заасан бүсэд барилга барих юм. Түүнчлэн газрын төлбөртөө тухайн барилгын ашигтай талбайгаас нь 25-30 хувийг авч, авсан барилгаараа дараагийн айлуудад газар чөлөөлөлтийн эх үүсвэр болгох байдлаар гэр хорооллыг орон сууцжуулна гэв. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe