Япон Улсын өөрийгөө хамгаалах хүчний нэгдсэн штабын дарга генерал Ёошида Ёошихидэ болон тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогтод өнөөдөр бараалхав.
Уулзалтын эхэнд Сайд С.Бямбацогт Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын өөрийгөө хамгаалах хүчний нэгдсэн штабын дарга, генерал Ёошида Ёошихидэ болон албан бусад төлөөлөлд манай сайхан оронд тавтай морилохыг урьж, 11 жилийн дараа хийж буй энэхүү айлчлалд амжилт хүслээ.
Монгол, Япон хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирснийг сайд С.Бямбацогт дурдаад, Хоёр улсын Засгийн газар хооронд “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээр”, БХЯ-д хооронд “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг”, Агаарын цэргийн командлалын хооронд “Агаарын цэргийн батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа болон солилцооны санамж бичиг”-ийг тус тус байгуулснаар эрх зүйн үндэс бүрдэж байна.
Энэ удаагийн албан ёсны айлчлалын үр дүнд манай хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэхийг онцлон тэмдэглэв.
Цаашид Монгол, Япон хоёр орон “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийнхээ хүрээнд цэрэг, техникийн харилцаагаа шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжин хөгжүүлэхээр ярилцлаа.
Сэтгэгдэл үлдээх