Орон нутгийн сонгуулиар юу байна?

Ж.Номин
2024-10-08

Дахиад сонгуультай гэнэ  үү?

  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны 10 сарын 11-нд  Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цаг хүртэл  болох гэж байна. 
  • Тус сонгуульд 12 нам, эвсэл оролцож байгаа бөгөөд 267 хүн бие даан нэр дэвшиж буй. 
  • Энэ удаагийн сонгуульд нийт 17,277 хүн нэр дэвшиж байгаагийн 1,992 нь аймаг, нийслэлийн ИТХ-д, 15,285 нь сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байна. 
  • Гэвч бид нийтдээ 8031 хүнийг л сонгох юм. 

Яагаад 8031 хүн сонгох болчхов? 

Нэг сонгууль мэт боловч бараг хоёр сонгуульд оролцож байна гэсэн үг.  Энгийнээр бол:

  • Нэгд, Та амьдарч буй баг/хорооноосоо сум/дүүрэгт таныг төлөөлөх төлөөллүүдийг,
  • Хоёрт, Та амьдарч буй сум/дүүргээсээ аймаг/нийслэлд таныг төлөөлөх хүнийг сонгоно гэсэн үг.

Мандатын хуваарилалт:

  • Нийслэлд 12 тойрогт 45 мандаттай
  • Аймгууд нийт 558 тойрогт 751 мандаттай
  • Дүүрэгт 181 тойрогт 313 мандаттай
  • Сумуудад нийт 1644 тойрогт 6922 мандаттай.

Ингээд нийт 8031 хүнийг сонгох юм. 

Нэр дэвшигчдийн нас, хүйсийн харьцаа: 

17277 хүний 67,6 хувь нь эрэгтэй, 32,4 хувь нь эмэгтэй байна.

  • 18-30 насныхан 9.4 хувь
  • 31-40 насныхан 38.3 хувь 
  • 41-50 насныхан 30.5 хувь
  • 51-60 насныхан 18.7 хувь
  • 61-70 насныхан 3 хувь
  • 71-82 насныхан 0.1 хувийг эзэлж байна. /17 хүн/

Энэ сонгуулиар нэр дэвшиж байгаа содон дүрүүд: 

  • Люмино хамтлагийн гишүүн Б.Батхишиг СХД-ийн 5-р тойрогт АН-с нэр дэвшиж байна. 
  • Outlaw хамтлагийн гишүүн О.Ариун-Эрдэнэ Орхон аймгийн ИТХ-ын 8-р тойрогт АН-с нэр дэвшиж байна. 
  • Татар хамтлагийн гишүүн Д.Мөнхчулуун Чингэлтэй дүүргийн 9-р тойрогт АН-с нэр дэвшиж байна. 
  • О.Зундуйдорж ХУД-ийн 8-р тойрогт АН-с нэр дэвшиж байна. 
  • Монгол Улсын Дархан аварга Батсуурийн төрсөн эгч Н.Энхчимэг БГД-ийн 1-р тойрогт Үндэсний эвслээс нэр дэвшиж байна. 
  • “Exclusive” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг СХД-ийн 6-р тойрогт ХҮН намаас нэр дэвшиж байна.  
  • “Шүгэл үлээгч” Оргил Отгонтөгс БЗД-ийн 3-р тойрогт АН-с нэр дэвшиж байна. 
  • BRB агентлагийн захирал, XMF хөгжмийн наадмын санаачлагч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргалан ХУД-ийн 8-р тойрогт МАН-с нэр дэвшиж байна. 
  • Хотын дарга Х.Нямбаатар 6-р тойрог буюу СХД-т нэр дэвшиж байна. 
  • Хотын даргын 1-р орлогч буюу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, ШӨХТГ-ын дарга, ONDO Holding-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Мандуул Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байна. 
  • Хотын даргын 2-р орлогч Л.Хосбаяр Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байна.
  • БШУ-ны Сайд П.Наранбаярын хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатар БЗД-т ХҮН намаас нэр дэвшиж байна.

Сонгуулиа өгөхөөс өмнө үүнийг санаарай

Сонгуулиа өгөхөөс өмнө https://election.burtgel.gov.mn/ хаягаар орж, өөрийн мэдээллийг шалгахаас гадна санал өгөх байршлын талаарх мэдээллийг хараарай. 

Саналын хуудас нь хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг, хоёр дахь хэсэгт сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох юм. 

Орон нутгийн сонгуулийн ирц жил бүр маш хангалтгүй байдаг тул та бүхэн идэвхтэй оролцож, оролцоогоо нэмээрэй. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe