Улс орны ажлаа хийхийн хажуугаар Н.Учралд улс төрийн ажил бас байгаа. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа энэ үед намаа зангидах, хотоо базах үйл. Өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхий сайд болж байхад нь л одоо Х.Нямбаатарыг явуулж нийслэлээ авна хэмээн таамаглан бичиж байлаа. Мань хүн явсан. Явах явахдаа бүр Канад руу. Нөөцийн махны шалтгаанаар ажлаа өгч Канад руу дүрвэсэн Х.Нямбаатарын араас түүний хүмүүсийг ч явуулах хэрэг гарах нь ч тодорхой байсан. Ингээд түүний бойжуулсан улс төрч СХД-ийн Засаг дарга Ц.Баттөрийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуултай хамт Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвын тушаалаар чөлөөлүүлж З.Төмөртөөмөө, Д.Ундармаа нарыг өнөөдөр томилуулав. Санасныг бодвол энэ томилгоо удаан дуншлаа. Намар л солих тухай яриа гарчихсан өчигдөр чөлөөлөгдсөн хоёр маань хэзээ вэ гэдгээ хүлээгээд сууж байлаа.
Ерөнхийлөгчийн сонгуулиа авахгүй бол юу ч мөрөөдөөд хэрэггүй...
Бүхий л сонгууль намуудад чухал байдаг ч ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль бусад сонгуулиас онцгой ач холбогдолтой байх болно. Ардчилсан нам болон Монгол Ардын нам хоёрт. Бусад нь угаас мөрөөдөөд ч мөр давахгүйгээс хойш. Алтан түлхүүрийн өрсөлдөөн хоёр намын хооронд л явагдах биз. МАН Ерөнхийлөгчийн сонгуулиа алдвал Ардчилсан нам 2028 оны сонгуульд олонх болж олон жил дарлуулсан өшөөгөө авна. Өгөгдсөн зураг нь тийм байвал ар араасаа ачигдсан түүхэнд байгаагүй аймшигт баривчилгаа ч явж мэдэх юм. Харин МАН авчихвал Ардчилсан нам ахиад зургаан жил эрх баригчдад үйлчилгээ үзүүлнэ. Алдаа гаргахгүйн тулд хамгийн түрүүнд Ардчилсан намыг өрсөлдөөнөөс хасах хэрэгтэй байгаа биз. Тэр ч ёсоор одоогийн улс төр үргэлжилж байна. Ард түмнээс хамгийн их санал авах судалгааны дүнтэй Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэргээр нь шүүхийн үүд сахиулж зовоогоод л. Намынх нь даргыг, бүлгийн даргатай нь хамт ах тэврээд суучихсан. Ардчилсан намынхны зарим гишүүдийн өрөөнд эзэнгүй үлдсэн яриа нь тийм. Ажиглаад үзэхээр нээрээ тийм юм шиг. Ардчилсан нам улс орон хэцүү байдалтай, өлгөж аваад сөрөх сэдэв өчнөөн байхад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг оролдох гээд явж байгаа юм.
Б.Пүрэвдагвын дардан зам...
Сургууль төгсөх үед нь унах унаа, унтах гэр, ажлын байр нь бэлэн нэг тийм гайгүй айлын хүүхдүүд байдаг даа. Аав, ээж нь хамаг юмыг нь зохицуулж өгдөг өөрийн гэсэн сонголтгүй. Одоо үеийнхэн мэдэхгүй байж болох ч одоогоос 10 жилийн өмнө амьдрал дээр гарсан залуучууд сайн мэдэж байгаа байх. Мань Б.Пүрэвдагва тийм ч юм шиг. Намд хэдэн жил зүтгэснийх бүх зүйл нь бэлэн. Намын аппаратаас шууд хотын дарга, удахгүй Нийслэлийн МАН-ын хорооны дарга болно. Нам дотроо залуучуудтайгаа тэмцэлдсэн байж болох ч улс төрийн хувьд ямар ч тэмцэлгүй Нийслэлд нэгдүгээр хүн болох нь ээ. Н.Учрал ч замыг нь сайн засаж, зааж зөвлөж явна. Угаас зургийн дагуу аятайхан чиглүүлэхгүй бол ах тархийг нь хага цохих биз. Өчигдөр СХД-ийг авснаар хотын хамгийн их хүн амтай БЗД, СХД гэсэн хоёр дүүргийг өөрсдийн талдаа авчихлаа. Одоо З.Төмөртөөмөө, Д.Ундармаа нарын ажил үлдсэн. Тэд энэ хоёр дүүргийг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах тэр өдөр тэвхийтэл нь янзлаад өрсөн байх ёстой. Хэрвээ тэгж чадвал 2028 оны УИХ-ын сонгуулийг зүүдэлнэ. Тэгж чадахгүй бол цаашдаа дундаж улс төрч хэвээрээ үлдэнэ. Энэ олон Засаг дарга нарыг чөлөөлж, томилоод байгаа шалтгаан ерөөсөө л Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил шүү дээ.
Сэтгэгдэл үлдээх