Францын сэтгүүлч Гислен Дюпон, Клод Верло нар Мали улсад ажил үүргээ гүйцэтгэж яваад 2013 оны арваннэгдүгээр сарын 2-нд харамсалтайгаар амиа алдаж байв. НҮБ-ын Ерөнхий Ассамблей тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэж, жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ныг Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр болгосноо тухайн оныхоо төгсгөлд тунхагласан. Улмаар жил бүрийн энэ өдөр сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг үр дүнтэй шалгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцох, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, ял шийтгэлгүй байдлыг таслан зогсоохын чухлыг дэлхий нийтэд сануулсаар ирсэн. Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал доктор, профессор Шахбаз Хан Монголын сэтгүүлчдэд цахим мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Дэлхий дахинаа 2026 оны эл өдрийг “THREATS EVOLVE. IMPUNITY ENDURES” буюу “Заналхийллийн хэлбэр өөрчлөгдсөөр, ял шийтгэлгүй байдал үргэлжилсээр” уриан дор тэмдэглэж байна.
Монгол Улсын тухайд энэ жил Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулсан олон талт уулзалтыг Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд зохион байгуулж, “Глоб Интернэшнл” төвийн гүйцэтгэх захирал Б.Онон “Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгаа-2025-2026” судалгааны үр дүнг танилцууллаа. Мөн ЮНЕСКО болон Монголын хүний эрхийн үндэсний комисс, Эмнести интернэшнл олон улсын байгууллагын төлөөлөл, сэтгүүлчид цуглаж, хэвлэн нийтлэх хийгээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнийхөө талаар хэлэлцүүлсэн. Тодорхой хэлбэл, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээний гишүүд, төрийн байгууллагынхан, хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн ажилтнууд цуглаж сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг шуурхай, хараат бусаар шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох үндэсний эрх зүйн орчин, хамгаалалтыг хэрхэн сайжруулах талаар түлхүү ярилцав.
Үйл явдлын эхэнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч С.Уянга энэ жилийн кампанит ажлаараа сэтгүүлчдийн эсрэг заналхийлэл, халдлагын хэлбэр өөрчлөгдөж байгаа ч эдгээр гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэхгүй үлдэх явдал үргэлжилсээр байгааг онцолсон билээ. 2024–2025 онд 189 сэтгүүлч жил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан нь өмнөх үеийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Амь хохирогчдын 67 хувь нь агаарын довтолгоо буюу дроны дайралтад өртжээ. 2006 оноос хойш сэтгүүлчдийн амийг хөнөөсөн хэргийн 86 хувь нь одоог хүртэл шийдвэрлэгдээгүй эсвэл мөрдөн шалгах ажиллагаа нь орхигдсон харамсалтай тоо мэдээг ч энэ үеэр дуулгасан. Улмаар сэтгүүлч амь үрэгдсэн тохиолдол бүрд дүн шинжилгээ хийдэг гэв. Үр дүнд нь 10 хэрэг тутмын 9 нь замхардаг нь батлагджээ. Тиймээс дээр дурдсанчлан өнөө жил “Заналхийллийн хэлбэр өөрчлөгдсөөр, ял шийтгэлгүй байдал үргэлжилсээр” уриатайгаар олон улсын эл өдрийг тэмдэглэв.
Монгол Улсын төрийн өндөр дээд албан тушаалтнууд сэтгүүлчдэд гомдох нь дийлэнх олонх. Тэд сэтгүүлчдийг шүүх цагдаагаар далайлган 6 сараас 4 жил хүртэлх хугацаагаар шалгуулж, сэтгэл санааны дарамт үзүүлдэг. Эцсийн дүндээ сэтгүүлч буруугүй нь тогтоогдож хэрэг хаагддаг аж. Дэлхий нийтэд эмэгтэй сэтгүүлч цахим дайралтад өртөх нь түгээмэл болсон. Энэ бэрхшээлийг монголын эмэгтэй сэтгүүлчид ч туулж, явааг Хэвлэлийн хүрээлэнгийн багш, Ph.D Ц.Оюунтунгалаг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ба хариуцлагын тогтолцоог сайжруулах нь” илтгэлээрээ хөндсөн. Үүнээс гадна бүртгэлтэй хэвлэл мэдээллийн 352 байгууллага, 3500-4200 орчим сэтгүүлч дунд сэтгүүлзүйн нэр барьсан сэтгүүлзүйн үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн арилжааны чиглэлээр ажилладаг хор нөлөөтэй цахим хуудас хөтөлдөг хэсэг бүлэг хүн байгааг ч нуугаагүй юм.
Улмаар сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдлийг таслан зогсоохын тулд
•Аюул заналхийллийн мэдээлэл хүлээн авах, тусламж хүсэх 24 цагийн хүртээмжтэй суваг үе шаттай бий болгох. Редакц нь хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилсон тохиолдлыг нэгбүрчлэн мэдээлэх, бүртгэл хөтлөх.
•Амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан мэдээллийг эрх бүхий байгууллагад нэн даруй хүргүүлэх.
•Эрсдэлийн үнэлгээний нэгдсэн аргачлал, хариу арга хэмжээний хугацаа, хариуцах байгууллагыг тодорхойлох.
•Шаардлагатай үед цагдаагийн хамгаалалт, түр байр зэрэг хамгаалалтын арга хэмжээг зохицуулах.
•Хууль зүйн болон сэтгэл зүйн туслалцаа авах боломжийг бүрдүүлэх.
•ХЭҮК-ийн дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хороотой хамтран ажиллах боломжийг судлах аргуудыг санал болгосон билээ.
Харин Глоб интернэшнл байгууллагаас сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах боломж Монголд хомс байгааг дурдаж, анхаарах хэрэгтэйг сануулсан. Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгаанд оролцсон сэтгүүлчид ажлын байр тав тухгүйгээс гадна цалин хөлсөндөө сэтгэл ханамжгүй байдгаа хэлсэн байна. Тодруулж хэлбэл, тэдний 25 хувь нь авч буй цалиндаа хангалуун биш, 43 хувь нь дунд зэрэг гэж хариулжээ.
Мөн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргадаг Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлтээр 2025-2026 онд Канад, Герман, Бельги, Их Британи, Нидерланд, Австри, Швейцар, Чех, Эстони зэрэг дэлхийн 18 улсаас манай сэтгүүлчдийн аюулгүй байдалд санаа тавьж, тодорхой зөвлөмж өгчээ. Зөвлөмжид хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх болон мэдээлэл олж авах эрхийг хангах, сэтгүүлчийн аюулгүй байдал, хамгаалалтыг сайжруулж, халдлагад хариуцлага тооцох, мэдээлэл олж авах эрхийг сайжруулах зэрэг 20 холбогдох зүйл багтжээ.
Төгсгөлд нь Глоб интернэшнлийнхэн Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах үндэсний механизм боловсруулж байгаа талаарх таатай мэдээг дуулгая. Сэтгүүлчийг хамгаалах нь олон нийтийн мэдэх эрхийг хангах асуудал билээ.
Сэтгэгдэл үлдээх