Цагдаагийн байгууллагаас Blue Sky барилгыг хамгаалалтад авсан байна.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад "Blue Sky"-д тарвага үлдээсэн байж болзошгүй гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Тарвага нь зоонозын өвчин үүсгэх эрсдэлтэй байдаг тул цагдаагаас тус газрын хамгаалалтад авсан аж. Энэ мэдээллийн дагуу нөхцөл байдлыг шалгахаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс шалгалт хийхээр очсон байгаа юм байна.
Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шуурхай төвөөс тодруулахад "Тарваган тахал гараад хамгаалалтад авсан асуудал биш юм. Тарвага үлдээсэн байна гэдэг мэдээлэл бидэнд өгсөн. Мэдээллийн дагуу манай байгууллагаас шалгалт хийхээр баг явсан" гэж мэдээллээ.
Мөн энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын талаар мэдээлэл ирсэн тул хамгаалалтын үйл ажиллагаанд цагдаа ажиллаж байна" гэх мэдээллийг өгөв.
Энэ талаар үргэлжлүүлэн ХӨСҮТ-өөс тодруулахад "Одоогийн байдлаар ХӨСҮТ-д тарваган тахлын сэжигтэй тохиолдол ирээгүй" гэж хариуллаа.
Мөн ОБЕГ-аас 17.30 цагийн үед "Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Blue Sky барилгын 00-ийн өрөөнд ууттай тарвага олдсон дуудлага мэдээлэл өнөөдөр /2024.10.08/ 15:53 цагт ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна" хэмээн мэдээлжээ.
Сэтгэгдэл үлдээх