Яармаг орчмын зарим орон сууцны хорооллын цэвэр усны шугамаас зэвтэй ус гарч байгаа талаар сүүлийн 2-3 жилд иргэд мэдээлэх болсон. Иймд Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байна.
Өнөөдрийн байдлаар 1.5 км шугамыг шинэчилсэн бол арваннэгдүгээр сарын 15-нд ажлыг бүрэн дуусгаж, шугамыг ашиглалтад оруулна гэв.
Ийнхүү цэвэр усны үндсэн шугамыг лабораториор баталгаажсан, зэв үүсгэхгүй хоолойгоор сольсноороо Яармаг орчмын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ундны усыг эрүүлжүүлэх юм. Цаашлаад нийслэлд олон жил шинэчлээгүй шугам хоолойг шинээр барих, үндсэн гол шугамуудыг шинэчлэх зэрэг ажлыг гүйцэтгэх аж. Эдгээр ажлын тендерт аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг Хотын дарга уриалав. Учир нь дээрх 4.8 км цэвэр усны шугамын ажил гүйцэтгэх тендерийг 3 удаа зарлахад компаниуд материал ирүүлээгүй учраас Ус сувгийн удирдах газраас ажлыг хүлээн авч, гүйцэтгэж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх