Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах, агаарын бохирдлоос үүдэлтэй халдварын бус архаг өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо гэсэн хамтын зарчмаар долоон хоногийн гурван өдөр сурагчдад сүү өгдөг болоод буй.
Ингэхдээ нийслэлийн төсвөөс нэг өдрийн, дүүргийн төсвөөс нэг өдрийн, эцэг, эх, асран хамгаалагчаас нэг өдрийн сүүний төсвийг гаргуулж байгаа юм.
Сурагчдад өгөх сүүнд зориулж НЗДТГ-ын 2024 оны төсөвт нэг тэрбум төгрөгийг, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн ЗДТГ 767 сая төгрөгийг төсөвт суулгажээ.
Сүү төслийг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуулийн бага ангийн 11,785, дунд ангийн 6,418, ахлах ангийн 637 буюу нийт 18,840 хүүхдийг эхний ээлжид хамруулсан байна. 2024 оны есдүгээр сарын 1-нээс уг төсөл үргэлжилжээ.
Сүү нь сурагчдын бие махбодод зайлшгүй шаардлагатай үл орлогдох тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын дутмагшлыг багасгаж, эрүүл мэнд өсөлт хөгжлийг нь дэмжихийн зэрэгцээ агаарын бохирдлоос үүдэлтэй хүний биед хуримтлагдах хорт бодисыг гадагшлуулах өндөр ач холбогдолтой байна.
Сэтгэгдэл үлдээх