Санал хураалтад 20-24 насныхан хамгийн бага ирцтэйгээр оролцов

Ж.Номин
2024-10-11

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль буюу орон нутгийн сонгууль 20:00 цагт дуусаж, 53.1 хувийн ирцтэйгээр өндөрлөв. 2230 хэсгийн хороонд бүртгэлтэй 2,1 сая сонгогчоос 1.120.040 хүн энэ удаагийн сонгуульд саналаа өгсөн байна. Үүн дээр зарим алслагдсан хэсгийн хороо буюу хилийн ойр орчмын болон интернэт сүлжээнд холбогдоогүй хэсгийн хороодын дүн мэдээ нэмэгдэх аж. 

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Баян-Өлгий аймгийнхан хамгийн идэвхтэй оролцсон байна. Тус аймгийн нийт сонгогчийн 48,799 буюу 76.3 хувь нь санал өгчээ. 

Харин Улаанбаатар хотын сонгогчийн ирц хамгийн тааруу буюу санал өгөх насны иргэдийн 425,207 /42.3 хувь/ нь сонгуульдаа оролцов.

Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлсэн иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл хамгийн идэвх өндөртэй нь 35 ба түүнээс дээш насныхан байгаа юм. Хамгийн идэвх багатай нь 20-24 насныхан бөгөөд тэдний 31.3 хувь нь саналаа өгчээ. Харин 18-19 насныхны 34.4 хувь нь, 25-29 насныхны 37.7 хувь нь саналаа өгсөн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe